Хүүхдийн ном эрхлэн гаргадаг “Альфа паблишинг” компанийнхан “Хүн бай” хөдөлгөөнд нэгджээ. Тус компанийнхан энэ удаа нийгэмд гарч буй сөрөг хандлагыг дарах, “ирээдүйн хүчирхийлэгч”-ийг төрүүлэхгүйн төлөө, хүүхдийн ирээдүйд итгэх итгэлд бага боловч хувь нэмэр оруулах үүднээс шат дараатай ажил хийх төлөвлөгөө гаргажээ. Эхний ээлжид нийслэлийн захын дүүрэг, хорооллын болон хөдөө орон нутгийн найман сургууль, зургаан цэцэрлэгийн номын санд бүх номынхоо дээжээс хандивлахаар болжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэл, уран зохиол, түүхийн багш, номын санч, нийгмийн ажилтнууд, сурагчдын дунд номын өдөрлөг уулзалт хийх аж. Түүгээр ч зогсохгүй эмзэг бүлгийн болон хүчирхийлэлд өртсөн, хорогдох байр, асрамжид байгаа хүүхдүүдэд үлгэр ярьж өгөх, уншиж өгөх, уншуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Өмнө нь ч эл компанийнхан хүүхдэд чиглэсэн төрөл бүрийн хандив, тусламж, дэмжлэг үзүүлж иржээ. Тухайлбал, тус компанийнхан “Лантуун дохио” ТББ-ын байгуулсан "Ид шидийн орон- 1,2"-ын номын санд номуудаа бэлэглэж, хүүхдийн номын борлуулалтаасаа сар бүр ном тутмаас нь 100 төгрөг өгдөг. Үүгээр зогсохгүй бусад номын сан, асрамжийн газрыг дэмжих, уншигч хүүхдүүдийн дунд уралдаан зарлах, шагнах зэрэг ажлуудыг тогтмол хийдэг билээ.