Монгол дахь “Конрад Аденауэр” сан, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран хийсэн манай ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм-улс төрийн судалгааны үр дүнгээ танилцууллаа. Энэ нь төрийн, нутгийн удирдлагын түвшин дэх бодлогын уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргагчид болон эрдэмтэн, судлаачид харилцан тогтмол хэлэлцүүлэг хийх боломж бүрдүүлж, хамтын ажиллагааг нь дэмжих зорилготойгоор 2017 оноос хойш хийж буй цуврал судалгааны дөрөв дэх нь юм. Тодруулбал, 2017 онд “Үр нөлөө бүхий нутгийн удирдлагын тогтолцоо”, 2018 онд “Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институцүүд”, өнгөрсөн жил “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвийн хүрээнд судалгаа хийж, олон нийтийн хүртээл болгосон. Харин ирэх онд “Төрийн болон орон нутгийн удирдлагын тогтолцооны тулгамдсан асуудал”, “Улс төрийн институц, ардчиллын тулгамдсан асуудал” сэдвийн дор судалгаа хийхээр төлөвлөжээ.
Энэ жилийн хувьд бараг бүхэлдээ хөл хориотой байсан ч цуврал судалгаагаа таслалгүй хийснийг зохион байгуулагчид онцолсон. Мөн судлаачдын багаа нээлттэй сонгон шалгаруулж, тэр дундаа зөвхөн эрдэм шинжилгээний ажилд төвлөрдөггүй, иргэний нийгмийн тухайн салбартаа биечлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хамруулсан гэдгийг Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч Ж.Төртогтох тэмдэглэв.
Ингээд судлаач Л.Бямбаханд, “Азийн сан”- гийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргил, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Н.Бурмаа, “Түгээмэл хөгжил” ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяр нараас хариуцсан судалгааных нь үр дүнг сонирхож, товч ярилцлаа.
Л.БЯМБАХАНД: Жендерийн хэвшмэл хандлага эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хязгаарлагч суурь шалтгаан хэвээр байна
-Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлсийн талаар та судалжээ. Тэдний оролцоог хязгаарлаж буй хамгийн гол хүчин зүйл нь юу байна вэ?
-Манай хүн амын 50.8 хувь нь эмэгтэй. Гэтэл эмэгтэйчүүдийн оролцоо, тэр дундаа шийдвэр гаргах түвшинд хангалтгүйг та мэдэх биз ээ. Энэ удаагийн судалгааг хийхдээ дэлхийн жишгийг ч харгалзсан. Арав хүрэхгүй оронд л эмэгтэйчүүдийн оролцоо маш сайн хангагдсаныг эс тооцвол олон улсад ч хангалтгүй байгаа. Монголд тэдний оролцоог ямар хүчин зүйл хязгаарлаад байна вэ гэдгийг тодруулахын тулд УИХ-д нэр дэвшиж байсан эмэгтэйчүүд, жендерийн тэгш эрхийн чиглэлээр мэргэшсэн шинжээчидтэй ярилцсан.
Нэгдүгээрт, гэр бүлийн үүрэг, хариуцлагаас үүдсэн давхар ачаа эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлаж байна. Мөн жендерийн хэвшмэл хандлага тэдний улс төрийн оролцоог хязгаарлагч суурь шалтгаан болоод байна. Уг нь Монголд ийм хэвшмэл хандлага бага, сул гэж ярьдаг ч дээд буюу шийдвэр гаргах түвшинд эцгийн эрхт ёсны хандлага хэвээр. Улмаар эмэгтэй хүн заавал хүлээн зөвшөөрөгдөх шаардлага тулгарч байгаа юм. Жишээ нь, залуу эмэгтэй сонгуульд өрсөлдөхөөр залуу гэдэг нь давхар асуудал болдог. Үүнтэй холбоотойгоор намбатай, настай харагдахын тулд гадаад үзэмж, хувцаслалтдаа хүртэл анхаарах шаардлага тулгардаг талаар нэгэн улстөрч бүсгүй ярьж байсан шүү дээ. Гэтэл эрэгтэй хүмүүст ийм бэрхшээл бараг тулгардаггүй.
Энд нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь оролцоо, квотоо нэмэхийн тулд эмэгтэйчүүд өөрсдөө идэвх санаачилгатай ажилладаг дүр зураг олон улсад түгээмэл байна.
Д.ОРГИЛ: Ардчилал хэрэггүй, хүчтэй удирдагч хэрэгтэй гэсэн үзэл санааг эргүүлэхийн тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй
-Та Монгол дахь ардчиллын бэхжилт, сорилтын зарим асуудлыг олон улсын харьцуулсан судалгааны үүднээс авч үзжээ. Судалгааны үр дүнгээс та юуг нь онцлох вэ?
-Ийм сэдвээр судалгаа хийх болсон маань энгийн шалтгаантай. Манай улс тайван замаар ардчиллыг сонгоод 30 жил болжээ. Өнөөдөр бүс нутагтаа бараг цорын ганц эрх чөлөөт, ардчилсан улс. “Freedom house” байгууллагын эрх чөлөөний индекс, газрын зургаас харвал хаалттай буюу авторитар дэглэмтэй улсуудаар манайх хүрээлэгдэж байгаа. Өнөөдөр бид ардчиллын туршлагаа бусадтай хуваалцах хэмжээнд хүрсэн гэхэд болно. Нөгөө талаар ардчилалд итгэх манай иргэдийн итгэл алдарч буй. “Манайд ардчилал тохиромжгүй, хүчтэй удирдагч хэрэгтэй” гэх хүлээлт үүсчихэж. Энэ нь бий болгосон үнэт зүйлээ нийтээрээ мэдрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Тэгвэл одоо бид яах ёстой вэ.
Харвард гэх мэт олон улсын нэр хүндтэй сургуулийн хийсэн судалгааны загварыг Монголд туршиж үзсэн. Жишээ нь, улс төрийн байгууламж, засаглалын хэлбэр, сонгуулийн тогтолцоо ямар байх нь иргэдийг аз жаргалтай амьдрахад нөлөөлдөг вэ гэдгийг тодруулахыг хичээлээ. Тодруулбал, Монголын хувьд парламентын засаглалтай байх нь Ерөнхийлөгчийнхөөс илүү тохиромжтой. Сонгуулийн пропорциональ тогтолцоотой, төрийн байгууламж нь нэгдмэл байх нь иргэдийн амьдралд илүү ээлтэй болох нь. Гэтэл манайхан сонгуулийн мажоритар тогтолцоог түлхүү ашиглаж ирсэн. Үүнийг өөрчилснөөр ардчилал хэрэггүй, хүчтэй удирдагч хэрэгтэй гэсэн үзэл санааг эргүүлэх боломжтой. Уг нь бид эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй байгаагийнхаа хэрээр улстөрчдийг шүүмжилж чадаж байна. Жишээ нь, манайхан Хятадын эдийн засаг өсөж, иргэдийнх нь амьжиргаа дээшлээд байгааг харахаас бус, тус улсын төрийн тогтолцоо, ард түмнийх нь эрх чөлөө хэрхэн хязгаарлагдаж байдгийг төдийлөн анзаардаггүй.
Н.БУРМАА: Төрийн аудитын байгууллага УИХ, ҮАБЗ-өөс хараат ажиллах нөхцөл үүссэн
-“Монгол Улсын төсвийн хяналт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” дэд сэдвийн хүрээнд та судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгээ товч танилцуулахгүй юу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 25.1.7-д “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” хэмээн заасан.
Төрийн аудитын “Үндсэн хууль” гэгддэг Лимагийн тунхаглалын 5-7 дугаар зүйлд аудитын дээд байгууллага болон түүний гишүүд, аудиторууд, уг байгууллагынх нь санхүүгийн хараат бус байдлыг Үндсэн хуульдаа тусгахын чухлыг онцолсон. Хараат бус байдлыг нь Үндсэн хуулийн эрх зүйн орчинд баталгаажуулснаар шалгагдаж буй байгууллагуудаас ямар нэгэн нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ гэж онцолсон нь улс, орнуудын олон жилийн санхүүгийн хяналтын түүхэн туршлага, сургамжтай холбоотой. Харамсалтай нь, манай Үндсэн хуульд үндэсний аудитын байгууллага хараат бус ажиллах талаар хуульчлаагүй тул УИХ, ҮАБЗ-өөс хараат ажиллах нөхцөл үүссэн. Тодруулбал, “Үндэсний аудитын байгууллагын үйл ажиллагаанд УИХ болон ҮАБЗ- өөс бусад байгууллага үүрэг, даалгавар өгөхийг хориглоно” гээд заачихсан. Мөн Засгийн газар, эрх баригчдаас хараат ажиллахаар байгаа. Ийм нөхцөлд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эсэх нь эргэлзээтэй.
-Иргэний нийгмийн байгууллагуудаас төсөвт тавих хяналтыг та хэрхэн үнэлж байна вэ. Нэр бүхий иргэд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шийдвэр гаргагчдаас нэхэж, тодорхой баримт, гүйлгээг ил гаргаж байна шүү дээ.
-Тэд хяналт тавьж болно. Гэхдээ иргэний нийгмийн байгууллага мэргэшсэн биш учраас тодорхой асуудал, кейс л гаргаж тавина уу гэхээс тогтолцоогоор нь хянахад хэцүү. Нөгөө талаас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад, холбогдох арга хэмжээг аль байгууллага хийж байна вэ гэдэг нь асуудал. Үндэсний аудитын газар улсын төсвийг хянаад, зөвлөмж гаргачихаад байхад хэрэгжүүлдэггүй, тайлан, цаас болоод л үлдэж байна шүү дээ. Харин иргэний нийгмийн байгууллагууд үндэсний аудитын байгууллагын гаргасан тайлан, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газруудаас нь шаардаж ажиллавал илүү үр дүнтэй.
Ч.УНДРАХБАЯР: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-уудын оролцоо хангалтгүй байна
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг та судалгаандаа онцолсон. Өнөөгийн байдлыг нь та хэрхэн үнэлэв?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үйл ажиллагаа төрийн ямар бодлогод үндэслэж байгааг өргөн хүрээнд судлахыг зорьсон. Сүүлийн 10 жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр нэмэгдсэн. Харамсалтай нь, тэдгээрийг хэрэгжүүлдэггүй. Үүний нэг шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагуудын оролцоог хангадаггүй явдал. Тодорхой хэлбэл, тэдний хүсэл сонирхол, механизм дутмаг байна гэж дүгнэсэн. Үүнээс гадна хөгжингүй улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ оролцоог хэрхэн хангаж байгааг харьцуулж судаллаа. Азийн орон учраас Японы талаарх судалгааг түлхүү оруулсан. Гэхдээ тус улсын туршлагыг шууд хуулах бус, Монголд алийг нь оновчтой нутагшуулж болох вэ гэж харж, судаллаа.