Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Төрийн болон нийгмийн түншлэл, төрийн бус байгууллагууд, Гадаадаас ажиллах хүч авч байгаа болон гадаадад ажиллах хүч гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд хөдөлмөрийн зах зээл болоод ажиллах хүчний тулгамдаж буй асуудлаар санал бодлоо хуваалцсан юм. Тухайлбал, ажилтнуудын ур чадвар дутмаг, цалин буусны маргааш ажилдаа ирдэггүй, хариуцлагагүй ханддаг зэргээс асуудал үүсдэг тул энэ тал дээр анхаарал хандуулах шаардлагатайг дурдав. Мөн гадаадад гаргах ажиллах хүчний квотыг ямар компани авсан, хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байгаа, ажил хайгч иргэн өмнө нь хаана ажиллаж байсан, яагаад ажлаасаа гарсан зэрэг мэдээллийг ил тод, нээлттэй болгох зэрэг хөдөлмөрийн зах зээлийг цахимжуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Монгол Улс дахь хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллээр Монгол Улсын 3.3 сая хүн амын 1.3 сая нь ажиллах хүч, 1.2 сая нь ажиллагчид, 83.6 мянган ажилгүй иргэн аж. Ажилгүйдлийн түвшин энэ оны есдүгээр сарын байдлаар 6.6 хувьтай байна. Мөн ажил олгогчдоос 2018 онд 64 478, 2019 онд 71 124, 2020 оны аравдугаар сарын байдлаар 42 433 ажлын захиалга ирүүлжээ. Харин 2018 онд 24 964, 2019 онд 20 761, 2020 оны аравдугаар сарын байдлаар 17 829 иргэнийг ажилд зуучилсан байна. Тоо мэдээллээс харахад ажилгүй иргэдийн тоо, зарлагдсан ажлын байрны тооны зөрүү бага байгаа нь ажилгүйдлийн түвшнийг тодорхой хэмжээгээр бууруулсан харагдаж байна. Гэхдээ бодит байдал дээр ажилгүйдлийн түвшин буурахгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр хөнджээ. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн шинэчлэлийн асуудлаар ийн санал бодлоо хуваалцаж цаашид салбар хэлэлцүүлэг зохион байгуулан саналаа нэгтгэж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар болов.