Төрийн албаны ерөнхий шалгалт арваннэгдүгээр сарын 4 буюу нөгөөдрөөс эхэлнэ. Улс орон даяар зохион байгуулах эл шалгалтын өмнө Төрийн албаны зөвлөлөөс Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрынханд хандан, дараах хүсэлтийг гаргасан гэнэ. Төрийн албаны шалгалт дууссаны дараа төрийн албан хаагчдыг хууль бусаар шалгаруулсан, “но” орсон зэргээр хэл ам их гардаг. Тиймээс шалгалтын үйл явцад хяналт тавьж өгнө үү хэмээн ТЕГ, АТГ зэрэг байгууллагад ханджээ. Ташрамд дурдахад, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, сонгон шалгаруулалтын газрын албан хаагчид өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийв. Уулзалтыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгэм эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулж, боловсронгуй болгон эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулж, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх ажлыг шат дараатай хийж гүйцэтгэснээ танилцуулсан. Шалгалтын сорилыг олон улсын хэмжээнд түгээмэл ашигладаг онлайн хэлбэрээр хүргэж, шалгалтад бэлтгэгчдэд мэдлэг, чадвараа цахим орчинд сорихыг бүрдүүлэн ажилласан аж.