Уул уурхайн хөгжлийг дэмжих, бүтээмжийг нь сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар тус салбараас эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг өсгөх зорилгоор “Discover Mongolia” чуулга уулзалтыг 18 дахь удаагаа өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Уг чуулганыг Монголын уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол” компани хамтран зохион байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюутолгой”, “Эрдэнэ ресурс деволопмент” зэрэг байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр “Хариуцлагатай уул уурхай нь эдийн засгийн сэргэлтийн гол хөдөлгүүр”, “Алт төгрөгийг дэмжих нь” зэрэг үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд оролцогчид илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулга уулзалтын нээлтийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон эл салбарт хөрөнгө оруулалт татах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлого баримталж буйгаа тэмдэглэсэн юм. Тэрбээр манай улсад олборлон, дэлхийн зах зээлд нийлүүлэх эрдэс бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах шаардлагатай гэв. Засгийн газраас төмөр, ган, газрын тос боловсруулах болон нүүрс баяжуулах үйлдвэр барихад ихээхэн анхаарч байгааг мөн дурдлаа.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ ЦӨӨРҮҮЛСНЭЭ АЖЛЫН АМЖИЛТ МЭТ ЯРИХ НЬ БУРУУ ГЭВ
Үндэсний геологийн алба байгуулснаар геологийн сэдэвчилсэн судалгаа, хайгуулыг илүү өргөн хүрээнд хийх, олборлох, ашиглах түүхий эд, элементийн нэр, төрлийг нэмэх боломж бүрдэхийг салбарын сайд онцоллоо. Үүнээс гадна Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор зарим хуульд “засвар” хийх нь зүйтэй гэсэн юм. Тодруулбал, Ашигт малтмалын тухай болон Газрын хэвлийн тухай болон бусад холбогдох хуулийг “эргэн харах”-аар төлөвлөхийн зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж буйг дурдсан. Цаашид уул уурхайн салбарыг нээлттэй, ил тод, хариуцлагатай, талууд тэгш оролцоотой, харилцан ашигтай ажиллан, хөгжүүлэхэд илүүтэй анхаарахаа тэрбээр илэрхийлсэн. Бас “Зарим аймгийн удирдлага уул уурхайн төслүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэхгүй, аж ахуйн нэгжүүдийг ажиллуулахгүй гэдэг ч эл салбараас улсын төсөвт оруулсан хөрөнгө, орлогоос санхүүжин, “амьдарч” буй. Аймаг, сумдын иргэдтэй уулзахад ийм, тийм тусгай зөвшөөрлийг цуцалж өгөөч гэдэг. Тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлснээ ажлын амжилт мэтээр ярих нь нэмэгдлээ. Гэтэл уул уурхайн салбар улсын төсвийн орлогын ихээхэн хэсгийг бүрдүүлж, олон зуун ажлын байр бий болгодгийг анхаарах учиртай. Цаашилбал, Орон нутгийн хөгжлийн сангийн талаар иргэд огт мэдэхгүй байна. Орон нутгийн удирдлагууд энэ санд тусгай зөвшөөрлийн төлбөрөөс, уул уурхайн компаниудаас хэдий хэр мөнгө төвлөрүүлж, хэрхэн зарцуулснаа иргэдэд мэдээлж, ил тод, нээлттэй ажиллах хэрэгтэй” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Уул уурхайн салбарын ачаар цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг бусад оронтой харьцуулахад харьцангүй тайван даван туулж байна. Цаашид салбарын орлогыг илүү өгөөжтэй, зөв хуваарилах, Үндсэн хуульд заасан баялаг төрийн нийтийн өмч гэдгийг Ашигт малтмалын тухай хуульд тусгаж, хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.
Уул уурхайн салбар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25, аж үйлдвэрлэлийн 70 хувийг бүрдүүлж буй. Мөн нийт экспортын 90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний борлуулалт эзэлдэг. Тэгвэл уг салбарын өгөөжийг өсгөх, салбараас олж буй орлогыг зөв зүйлд хөрөнгө оруулах, хуримтлал үүсгэх нь зүйтэй гэдэгт чуулга уулзалтад оролцогчид санал нэгтэй байв. Дэлхийн банкныхан манай улсыг уул уурхайн салбараас олсон орлогоо оюун ухаанд шингээх, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, улмаар хөдөлмөрийн зах зээлийнхээ чадамжийг өсгөх талаар хангалтгүй ажилладаг гэж дүгнэсэн. Энэ талаараа “Уул уурхай ба оюун ухаан” тайландаа дурдан, олон нийтэд мэдээлж байсан. Дээрх чуулга уулзалтлын үеэр ч уг тайлангаас танилцуулан, шийдвэр гаргах түвшнийхэн анхааралдаа авах учиртайг дахин сануулав.
“Эрдэнэс Монгол” компани ойрын хугацаанд алтны 2-3 ордод хайгуул хийн, улмаар олборлолт, ашиглалт явуулахаар төлөвлөжээ. Мөн алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барих ажлын явцыг хурдасган, бэлэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буй гэв. Эдгээр томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай нь мэдээж. Энэ талаар Д.Хаянхярваа “Хөрөнгө оруулалт татна гэдэг нь тухайн хүн, аж ахуйн нэгж, компани, улс орны итгэлийг дааж, найрсаг хандахын нэр. Гэтэл биднийг хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээгээ зөрчдөг, өөрчилдөг, хэлэлцэж тохирсноосоо буцдаг гэж олон улсад шүүмжлүүлж буй тул төр, хувийн хэвшлийнхэн хаана хаанаа анхаарч, Монголын үйлдвэр, уурхай, компани, хувь хүнтэй гадаадын аль ч улсын иргэн, аж ахуйн нэгж хуулийн хүрээнд хамтран ажиллахад ээлтэй, тэгш эрхтэй байх нөхцөл бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй. Хувь хүн, компани, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байхын хэрээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд дэмжлэг болох учиртай” гэж өгүүлэв. Тус компанийнхан хөрөнгө, санхүүгийн өндөр чадамжтай, чадварлаг хүний нөөцтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц аж ахуйн нэгж болохыг зорьж буй бөгөөд аль ч улстай хамтран ажиллахдаа таатай байхаа тэмдэглэсэн.
ИРГЭДИЙН ОРЛОГЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХАД ТӨСЛҮҮД НӨЛӨӨЛӨХ НЬ
Коронавирусийн тархалтын улмаас дэлхий нийт хэрэглэдэг голлох түүхий эд болох нүүрс, зэсийн ханш, хэрэглээ буурсан бол алтных өсжээ. Тухайлбал, сүүлийн зургаан сард нэг унци алтны үнэ дэлхийн зах зээлд байгаагүй түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Манай улсын хувьд ч уг металлын борлуулалтаас олсон орлого нэмэгдэн, жилийн хугацаанд нэг тэрбум ам.доллар давсныг “Алт төгрөгийг дэмжих нь” салбар хуралдааныг даргалагч “Кю Эм Си” компанийн гүйцэтгэх захирал М.Дагва онцоллоо. Мөн тэрбээр жилд 20 орчим тонн алт экспортолж буйг хоёр дахин өсгөх, улмаар 50 тоннд хүргэх боломж бүрдүүлэхийн тулд зарим компани, аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжих зайлшгүй хэрэгтэй гэсэн. Монголд сүүлийн арав гаруй жилд тууштай ажиллан, хайгуулд их хэмжээний хөрөнгө зарсан “Эрдэнэ ресурс деволопмент”, хэдийн алт үйлдвэрлэж эхэлсэн, цаашид ч өөр бусад төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй “Steppe gold”, ганц жилийн дотор шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг авч, өдгөө 400 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа “Наран мандал” компаниар бахархдагаа илэрхийлсэн тэрбээр эдгээр шиг аж ахуйн нэгж бий болохыг хүлээж суух бус, ийм олон арван компанитай болохын тулд төр, засгаас дэмжлэг үзүүлэхэд анхаарах нь чухал гэдгийг онцлов.
Цаашид цар тахлын нөлөө ойрын 2-3 жилд арилахгүй төлөвтэй учраас шар металлын эрэлт өндөр байх тооцоо бий аж. Нөгөөтээгүүр, манай улсын хувьд ч оны эхний гурван улиралд гадаад валютын албан нөөцөд 3.7 тэрбум ам.доллар төвлөрүүлсний 25 хувийг алтнаас бүрдүүлсэн нь энэхүү шар металл эдийн засагт томоохон хөшүүрэг болох нь дамжиггүй. Уг хуралдааны үеэр Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс деволопмент” компанийн дэд ерөнхийлөгч А.Билгүүн “Бид Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг. Алтны үйлдвэрээ ашиглалтад оруулснаар жилд хоёр тонн алт олборлох боломжтой болно. Мөн 2022 он гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 24 хувийг нарнаас гарган авах юм. Ер нь уул уурхай гэлтгүй аль ч салбарт бизнес эрхлэхэд хамтрагч талууд харилцан ашигтай ажиллах хэрэгтэй. Төр, засгийн зүгээс аж ахуйн нэгжүүдийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэм болох учиртай” гэв. Өдгөө тус аймгийн иргэдийн орлого Өмнөговийнхныхоос бага байгаа аж. Тэгвэл тус компанийнхан үйлдвэрээ ашиглалтад оруулснаар орлогын зөрүүг багасган, иргэд, малчдын амьжиргааг дэмжих боломж бүрдэх нь.
Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Steppe gold”-ын гүйцэтгэх захирал Т.Батаа Алтан цагаан овоогийн ордын нөөцийг 1.2 сая унци хэмээн тооцсон бөгөөд хайгуул, судалгааны ажлыг үргэлжлүүлж буй учраас дээрх тоо өсөх боломжтой гэв. Өдгөө жилд 60 000 унци алт олборлож буйг 100 000-д хүргэхээр төлөвлөжээ. Ашиглалтын талбайд нь өндөр агууламж бүхий мөнгөний орд илэрсэн бөгөөд нарийвчилсан мэдээллийг нь ирэх оны нэгдүгээр улиралд өгөхөө дурдав. Тэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай ямар ч түвшинд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн.
Дэлхий дахинд алт олборлодог, ашигладаг улс орнуудын газрын зурагт Монголыг багтаах, олох орлогоо өсгөх бүрэн боломжтойг М.Дагва дурдсан юм. Үүний тулд алтны үндсэн орд ашиглалтыг дэмжих, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, газрын гүний 2-2.5 км-ээс олборлох нөхцөлийг бүрдүүлэх, геологийн суурь судалгааг идэвхжүүлэх хэрэгтэйг оролцогчид онцолж байв. Манай улсад алтны үндсэн орд ашиглах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх туршлага бага гэдгийг “Голомт” банкны төлөөлөл хэлж байлаа. Ийм төсөлд хамгийн багадаа 100 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай тул аль ч банкныхан эл салбарт зээл олгохдоо эргэлзэж буй гэсэн.
ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРНА
Эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур бол гадаад худалдаа. “Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” хуралдаанд АНУ, ОХУ, Канад, БНЭУ, ИБУИНХУ-аас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар оролцсон юм. Энэ үеэр ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович “Монгол нь газар зүйн хувьд хоёр том хөршийн дунд оршдог нь нэг бодлын давуу тал. Дэлхий дахинд томоохон эдийн засагтайд тооцогддог тус улсуудаар дамжуулан худалдаа хийх, улмаар Орос, Хятадад найдвартай түнш, зах зээлтэй болох нь мөнхийн ашиг тустай. ОХУ, Монголын гадаад худалдааны эргэлт жил бүр өсөж байгаа. Тухайлбал, сүүлийн есөн жилд худалдааны эргэлтийн хэмжээг есөн тэрбум ам.долларт хүргэсэн нь том үр дүн. Мөн “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийн ачаа эргэлтийн хэмжээ жилд 30 сая тоннд хүрч, огцом өссөн. Шинээр барьж буй төмөр замуудыг БНХАУ болон ОХУ-тай холбосноор гурван улс хоорондын ачаа эргэлтийг нэмнэ. Мөн Хөвсгөл аймгийг эко аялал жуулчлалын төв болгох сонирхол талуудад бий. Үүний хүрээнд Хөвсгөл болон БНХАУ-ын Хөхнуур, ОХУ-ын Байгаль нуурыг холбосон дэд бүтэц байгуулах боломжтой” хэмээн ярив.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Засгийн газрын цаг: Тусгай зөвшөөрөл ба орон нутгийн харилцаа” сэдвээр хэлэлцэхийн өмнө илтгэл тавьж, энэ салбарт цаашид ямар бодлого баримтлах, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн. Түүний өгүүлснээр энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын 73, манай улсын ДНБ-ий 18 хувь нь уг салбарт ногджээ. Түүнчлэн 1-9 дүгээр сард төсөвт төвлөрүүлсөн орлого нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар багассан ч 7.3 их наяд төгрөг “өгсөн” хамгийн том салбар болсныг тэрбээр онцлов. Мөн төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, алтнаас олох орлого жил бүр өссөөр буй бөгөөд алтны салбар богино хугацаанд сэргэх төлөвтэйг дурдлаа. Цаашид салбарын өгөөжийг өсгөх, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, улмаар олсон орлогоос нь эдийн засгаа “солонгоруулах”-ыг хичээх учиртайг тэмдэглэж байлаа. Уул уурхайн салбарын хөгжлийг хурдасган, ашгийг нэмэгдүүлснээр эдийн засаг, нийгмийн бусад салбарт дэмжлэг болох учраас тэр. Иймээс ч УУХҮЯ-наас геологийн суурь болон сэдэвчилсэн судалгаа хийх, масштабын нарийвчлал өндөртэй зураг гаргахад анхаарч буй аж. Мөн ирэх дөрвөн жилд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог олшруулах, өргөдлөөр олгох боломжтой хэмээн тооцжээ. Түүнчлэн нэг жилд экспортлох нүүрсний хэмжээг 50 орчим сая тоннд хүргэх, “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, алтыг цэвэршүүлж, дагалдах элементийг нь ялгах, катодын зэс болон ган, туйвангийн дотоодын үйлдвэрлэлийг өсгөхөөр төлөвлөсөн аж. Товчхондоо, хар төмөрлөг, зэс, алт, газрын тосны салбарын бүтээмжийг өсгөх буюу уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөл дээр нь зогсоох, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг тэрбээр онцлов.
Нүүрсний экспортод тулгарч буй бэрхшээлийг Монголын нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал дүгнэн, товч мэдээлэл өглөө. Тэрбээр “БНХАУ-ын коксжих нүүрсний нэг жилийн эрэлт 70 орчим сая тонн бөгөөд улмаар тус улс эл хэрэглээгээ танах бодлого баримталж буй. Иймээс манай нүүрсний экспорт, орлогын хэмжээ огцом өснө хэмээн тооцож болохгүй. Харин уг ашигт малтмалыг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон нийлүүлэхэд анхаарвал зохино. Мөн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулж технологийн дэвшил нэвтрүүлснээр цар тахлын үед болон эрсдэлт нөхцөлд экспортын хэмжээгээ бууруулахгүй, тогтмол нийлүүлэхийг эрмэлзэх учиртай. Улмаар манай улсаас урд хөршид гаргах нүүрсний квотыг тохирч чадвал экспортын орлогыг бууруулахгүй байх боломжтой. Харин ОХУ болон БНХАУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд нүүрс гаргах нь эргэлзээтэй. Үүний тулд нэг тонныг нь 170 ам.доллароос багагүй үнэлэх ёстой. Ер нь ойрын хэдэн жилд бид нүүрс тээвэрлэх дэд бүтцээ сайжруулж, бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэхэд анхаарах нь зүйтэй” гэсэн юм.
Алтанбулагийн, Замын-Үүдийн, Бичигтийн, Боршоогийн боомтын нэвтрэх хүчин чадлыг өсгөн, ухаалаг гарц хийхээр төлөвлөн, ажлаа эхлүүлжээ. Тухайлбал, 3-4 гарцтай боомтын гарцын тоог 10-16-д хүргэх юм байна. Мөн БНХАУ-тай хиллэн, түүхий эд нийлүүлдэг боомтуудын ажиллах цагийн хуваарийг дахин хэлэлцэн, амралтын өдрөөр ажиллуулах, 24 цагийн турш нээлттэй байлгах боломж бий, эсэх талаар судалж буйг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн тодотгож байлаа.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Д.Энхболд “2003 онд “Discover Mongolia”-г зохион байгуулж эхлэх үед уул уурхайн “ертөнц”-д манай улс шинэ, содон, танигдаагүй орны тоонд багтан, хөрөнгө оруулахад ашигтай байх болов уу хэмээн дэлхийн сонирхлыг татаж байж. 18 жилийн хугацаанд эл салбарт алдаж, оносон олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, юутай ч бид уул уурхайн салбараас эдийн засгаа дэмждэг, төсвийн орлогынхоо дийлэнхийг бүрдүүлдэг улс болж чадсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй, манай улсыг сонирхохгүй боллоо. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Өдгөө бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчдаа хамгаалах, эрх ашгийг нь хангах зорилго агуулж байна. Шинээр хөрөнгө оруулалт татах гол нөхцөл бол одоо ажиллаж буй гадаадын компаниудын эерэг үнэлгээ, зөв мэдээлэл юм. Энэхүү чуулга уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг бид нэгтгэн төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд илгээнэ” гэлээ.