УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын болон нийслэл, дүүрэг дэх Улсын бүртгэлийн газар, хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчдыг өнгөрсөн амралтын өдрүүдэд сургалтад хамруулжээ. Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Эрдэм шинжилгээний албаны дарга, доктор, дэд профессор О.Бурмаа сургалтыг эхлүүлсэн байна. Тэрбээр албан хаагчдад харилцааг амжилттай болгоход хэрэглэх зарим техник болон үйлчилгээний харилцааны тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх зөвлөгөө өгсөн байна. Мөн сургалтын үеэр “Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэг” сэдвийн хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Цэдэн-Иш, “Нотариатчаас нийлүүлсэн мэдээллийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх нь” сэдвээр ЭХЭУБГ-ын дарга Б.Ариунболд, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх заавар” сэдвээр ЭХЭУБГ-ын улсын ахлах бүртгэгч Ө.Өнөрлхам нар мэдээлэл өгчээ. УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас нийт 60 орчим төрлийн үйлчилгээ үзүүлдгийн 50-60 хувийг барьцааны гэрээ шинээр бүртгэх болон дуусгавар болгох үйлчилгээ эзэлдэг. Улсын хэмжээнд нийт 179 эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч ажиллаж байгаагаас 76 албан хаагч нь нийслэлд, 92 нь орон нутагт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 11 албан хаагч ажилладаг. Улсын бүртгэгчид энэ оны эхний 10 сарын байдлаар хэчнээн хүнийг улсын бүртгэлд оруулж, хэдэн хосын гэрлэлт бүртгэж цуцалсан зэрэг мэдээллийг хүснэгтээс харна уу.