Хилчдийн эгэл даруухан хэвлэлийг олон нийт төдийлөн сайн мэддэггүй байж магад. Харин хилчдийн дунд салбарынх нь хэвлэл үнэ цэнтэй. Хилчдийн алдар суу, хийсэн бүтээснийг сонины хуудаснаа мөнхлөн үлдээсэн түүхэн гавьяатай учраас аргагүй ч биз. Одоогоос 80 жилийн өмнө энх цаг бус дарийн утаа суунагласан дайны хүнд жилүүдэд буюу 1940 оны аравдугаар сарын 17-нд “Эх орны төлөө” сонины анхны дугаар хэвлэгдэн гарч байжээ. Эх орноо манаж буй буй цэргүүдийг эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилготой эл хэвлэл хилчдийн гарт хүрсээр хэдийн 80 жил өнгөрчээ. Тодорхой хэлбэл, тус сонины 80 жилийн ой энэ оны энэ сард тохиож буй бөгөөд “Эх орны манаа”-гийнхан түүхт ойгоо хилчид, уншигчидтайгаа хамт тэмдэглэж, баяраа хуваалцсан халуун дотно өдрүүд үргэлжилж байна. 80 жилийн хугацаанд улс орон, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, хил манаж буй цэргүүдийг эх оронч үзлээр төлөвшүүлэх үүргээ гүйцэтгэсэн шиг гүйцэтгэж иржээ.
“Эх орны төлөө” сонин анхандаа хоёр нүүрээр, 10 хоног тутамд гарч байсан гэдэг. Сонины анхны эрхлэгч нь Л.Дарьсүрэн хошууч. Хэмжвэл дэлэмийн л төдий сонины хуудас бүрд бичсэн үг, өгүүлбэр бүхэн эх орныхоо төлөө байсан нь бахархал төрүүлэм. Харийн түрэмгийлэгчид, тагнуул туршуулуудтай хилчид хэрхэн тэмцсэн талаарх баатарлаг гавьяаг энэ л сонин баримтжуулан хойчийн бидэнд үлдээжээ.
“Эх орны төлөө” сонин хилчин, дайчдын дуртай хэвлэл болж, уншигчдын тоо нэмэгдэн, сонины хэмжээ ч томров. Улс орон энх цагийн байгуулалтад шилжиж эхэлсэн 1945 оны наймдугаар сараас сонины нэрийг “Эх орны манаа” болгон өөрчилж, өнгө төрхийг нь сайжруулсан байна. Тус сонины 10 жилийн ойгоор МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөс ирүүлсэн баярын бичигт “Эх орны манаа” сонин нь манай ардын хувьсгалт намын удирдлагаар хилчдийг марксизм-ленинизмийн үзэл санаа ба цогтой эх оронч үзэл санаагаар хүмүүжүүлэх, дархан хилийг бэхжүүлэхэд өөрийн үүргийг нэрт төртэй биелүүлсээр иржээ” гэж тэмдэглэсэн байдаг. Мөн түүхэнд гүйцэтгэж буй үүргийг үнэлэн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1950 оны аравдугаар сарын 16-ны 104 дүгээр зарлигаар “Эх орны манаа” сониныг Байлдааны гавьяаны одонгоор шагнаж байжээ.
Ойн баяр ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин, ахмад Л.Номингэрэлийн “Хилийн өнгө” бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд дэлгэснээр эхэлсэн. Эл үзэсгэлэнд орчин цагийн Хил хамгаалах байгууллагын хөгжил, хилчдийн албаны онцлогийг илтгэсэн 60 гэрэл зураг дэлгэсэн. Уг үзэсгэлэнгийн нээлтэд ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.А.Базархандаев, Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар нарын хүмүүс оролцсон.
Мөн “Эх орны манаа 80” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Уг хуралд ХХЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академич, доктор, профессор, хошууч генерал Ш.Арвай, ХХЕГ-ын Хил судлалын секторын эрхлэгч, хурандаа А.Ганбилэг, судлаач, доктор, дэд профессор Н.Даваадорж, дэд профессор, бэлтгэл хурандаа Ш.Доржбал, ДХИС-ийн ЭШНХ-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач, доктор, дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд, “Соёмбо” сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр, ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн штабын дарга, хурандаа Б.Лувсанравдан, ОБЕГ-ын ОНХТ-ийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн, ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн эрхлэгч, хошууч Х.Баясгалан болон албаны бусад төлөөлөл оролцож халуун баяр хүргэсэн. Үндсэн нэг, хавсралт дөрвөн илтгэлээс бүрдсэн эрдэм шинжилгээний бага хурлаар цаашид сониныг хэрхэн сайжруулах шинэлэг арга замыг эрэлхийлснээрээ онцлог байв. Бага хурлыг ХХЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн нээж “Эх орны манаа” сонин эх орны дуудлага, нийгмийн захиалгаар анх хэвлэгдэн гарсан. Сонин гарсан цагаасаа улсын хил дээр үүрэг гүйцэтгэж буй мянга мянган хилчдийн дотнын нөхөр, үнэнч туслагч байсаар ирсэн. Дайны хүнд жилүүдэд ч хилчдийг эх орноо хамгаалахыг уриалж, социалист нийгмийн үед гадаадын тагнуул туршуулаас сонор сэрэмжтэйгээр үүргээ гүйцэтгэхийг сануулсан. Ардчиллын салхи сэвэлзсэн жилүүдэд улсын хил дээр гарч буй элдэв зөрчлийг таслан зогсооход өөрийн үүргийг гүйцэтгэсэн” хэмээсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нийгэмд дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл хилчдэд урам өгөх хөшүүрэг, үнэнийг шүүх индэр болсон “Эх орны манаа” сонин хэрхэн үүсэн байгуулагдсан, он цагийн уртад өнгө төрхөө хэрхэн өөрчилсөөр өнөөдөртэй золгосныг эрдэм шинжилгээний хурлын илтгэгчид дараах байдлаар тодотгосон билээ.
Н.Сувд: Хилчдийн эх орны төлөө цохилох зүрхний хэмнэлийг “Эх орны манаа” уншигчдад мэдрүүлдэг
(Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин)
-Наян жилийн ойгоо тэмдэглэж буй “Эх орны манаа” сонины хамт олонд баяр хүргэн мэндчилж байна. Зөвхөн энэ сонины хамт олон төдийгүй сонины уншигчдад мөн баяр хүргэе. Хилчдэд зориулсан энэ хэвлэл үнэлж баршгүй ач холбогдолтой. Монгол орны тусгаар тогтнолын баталгаа болсон манай цэрэг дайчид эх оронч хүмүүжлээр залуучуудыг хүмүүжүүлэхэд энэ хэвлэл асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тиймээс хилчдийн зүрхэнд төдийгүй энэ хэвлэлд ажиллаж буй хүн болгоны зүрхэнд эх орон нь тэр аяараа багтдаг. Улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө зүрх нь цохилж, энэ нь уншигч түмэндээ нөлөөлж байдаг гэдэгт би итгэлтэй байна.
Ш.Доржбал: Одонтой сонин ховор
(Эх орны манаа” сонины эрхлэгч асан, бэлтгэл хурандаа)
-Социализмийн төгсгөл үе буюу нийгэм хөдөлгөөнд орчихсон ардчиллын салхи сэвэлзэж байсан цаг үед “Эх орны манаа” сонины хариуцлагатай эрхлэгчийн албан тушаалд томилогдож байв. Тухайн үед энэ сонин хилчдийг хүмүүжүүлэх, яам командлалын тушаалыг хүргэх, тайлбарлан таниулах, сурталчлах үүрэгтэй. Мэдээлэл хүргэхээс гадна хилчид өөрсдийнхөө туршлагыг сониноор дамжуулдаг байсан. Өнөөдөр “Эх орны манаа” сонин 80 жил болж байна. Хүний насаар хэмжвэл өндөр нас. Сонин маань Монголын хэвлэлийн түүхэнд хүндтэй байр эзлэх байх гэж би боддог. Яагаад гэвэл тухайн үед гарч байсан хэвлэлүүдээс “Үнэн”, “Улаан Од” гэх сонинууд өнөөдрийг хүртэл хэвлэгдэж байна. Тэгэхээр үүний дараа нас намбаараа, туршлагаараа “Эх орны манаа” хэвлэлийн их өргөөний хойморт залрах ёстой гэж би боддог. Мөн тус сонин маань 10 жилийнхээ ойгоор Байлдааны гавьяаны одонгоор шагнуулсан түүхтэй. Одонтой сонин ховор гэдгийг энд хэлэх нь зүйтэй болов уу. Түүхт сониныхоо 80 жилийн ойг тохиолдуулан хамтран ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид, сонины ажилтнууддаа, энэ мөчид ч хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилчин дайчдадаа баярын мэндчилгээг дэвшүүлье.
Г.Дорж: Анхны мэдээгээ “Отрын олз” нэртэйгээр хэвлүүлж байв
(“Эх орны манаа” сонины идэвхтэн бичигч, бэлтгэл дэд хурандаа)
-Би Ховд аймгийн Булган суман дахь хилийн тавдугаар отрядод 1975 онд цэрэгт элсэж, 1977 онд ахлагч болоод анхны мэдээгээ сонинд бичиж байлаа. Тухайн үед отрядынхаа шалгалтын комисст багтаад малын суурин дээр анх удаа очсон юм. Гэтэл малын суурийн цэргүүд малчин айл шиг тохь тухтай байсан. Үүнийг хараад өндөр сэтгэгдэлтэйгээр заставтаа буцаж очоод “Отрын олз” гэж анхны мэдээгээ явуулж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл сониндоо мэдээ материал бичиж байна. Сонины гол амин сүнс бол идэвхтэн бичигч гэж би боддог. Өнөөдрийн “Эх орны манаа” чанар чансаа, өнгө үзэмж үнэхээр сайжирсан. Хилчдийн төлөөлөл, үе үеийн идэвхтэн бичигч, сурвалжлагч нар, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд сониныхоо ойд их ач холбогдол өгсөн нь ойн хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудаас харагдаж байна. Туурга тусгаар улсын тулах цэг болсон улсын хилээ өдөр шөнөгүй хамгаалж буй үе үеийн хилчид та бүхэндээ түүхт “Эх орны манаа” сонины 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе.