Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэх ажил зохион байгуулахаа нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Үүний хүрээнд арилжааны банкуудаас хөнгөлөлттэй зээл авч мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шаардлагын талаар танилцууллаа. Махны үйлдвэрүүд нь стандартын шаардлага хангахуйц агуулах бүхий аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн хадгалах гэрээ байгуулсан байх ёстой. Мөн малын гаралтай болон энгийн хог хаягдал ангилан ялгах, хадгалах талбай, бункер хэрэгтэйг заажээ. Түүнчлэн хог хаягдал цуглуулан, тээвэрлэж, төвлөрсөн цэгт булдаг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулахыг зөвлөв. Эдгээр шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэдэн тонн мах бэлтгэх боломжтойгоо илэрхийлсэн хүсэлт зэргийг ирэх сарын 4-нөөс өмнө Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлэх нь. Одоогоор хэдэн тонн мах бэлтгэхээр төлөвлөж буйг мэдээлэх боломжгүй бөгөөд махны үйлдвэрүүдийн ирүүлэх саналаас шалтгаалах юм байна. Ташрамд дурдахад, 2019-2020 онд 13 аж ахуйн нэгж 20 000 орчим тонн мах бэлтгэхэд зориулан 53 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм.