Цагдаагийн байгууллагаас саяхан Монгол Улсын 10 000 төгрөг, БНХАУ-ын 100 юанийг хуурамчаар үйлдэх хэрэг хэд хэд бүртгэгдсэнийг мэдээлж, иргэдэд хохирогч болохоос сэргийлэх хэрэгтэйг анхааруулж байв. Сонгинохайрхан дүүргийн XX хороонд хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан хэрэг өчигдөр бүртгэгдлээ. Тодруулбал, 28 настай Н гэгч залуу тухайн өдөр 11.00 цагийн орчимд тус хороонд байрлах ХААН банкаар үйлчлүүлэхдээ хуурамч 100 юаниар гүйлгээ хийхийг завджээ. Тус банкны ажилтнууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч гэмт үйлдлийг таслан зогсоосон байна. Цагдаагийнхан сэжиг бүхий мөнгөн дэвсгэртийг сайтар нягталж, сэжигтэй тохиолдол илэрвэл даруй мэдэгдэхийг иргэдэд дахин анхаарууллаа.