Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо болон зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өчигдөр уулзлаа. Энэ сарын 1-нээс дийлэнх үйлдвэр, аж ахуйн нэгжүүд гурилынхаа үнийг кг тутамд нь 100 орчим төгрөгөөр өсгөсөн. Үүнд өнгөрсөн жилийнхээс нэг тонн улаан буудайн үнэ 100-160 мянган төгрөгөөр нэмэгдэн, 600 000-660 000-д хүрсэн нь нөлөөлсөн гэв. Түүнчлэн тээврийн зардлаа оролцуулбал нэг тонныг нь 700 000 төгрөгөөр худалдан авч буй ч нийлүүлэлт бага, эрэлт их байгааг үйлдвэрлэгчид онцлов. Харин ХХААХҮЯ-ныхан одоогоор улсын хэмжээнд үр тариа хураах ажлын явц 80 орчим хувьтай байгаа бөгөөд улаан буудайн хомсдол үүссэн гэж ойлгож болохгүйг дурдлаа. Мөн чанараас шалтгаалан тонныг 550-610 мянган төгрөгөөр үнэлсэн гэлээ. Тэгвэл ШӨХТГ үнэ тогтоох байгууллага биш, бүтээгдэхүүний нэгэнт нэмсэн үнийг бууруулах боломжгүй, салбарын яам түүхий эдийн нийлүүлэлт, хангамжийг зохицуулан, өргөн хэрэглээний барааны үнийг өсгөхгүй байхад анхаарах учиртай гэсэн байр суурьтай байв.