Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг, Тавантолгой гэх газраас XIII зуун буюу Монголын эзэнт гүрний үед холбогдох хүн чулуу хулгайлахыг завджээ. Тус аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Наран, Баяндэлгэр сумд 50 гаруй ийм дурсгал байдаг бөгөөд энэ удаад хоёрыг нь хууль бусаар зөөх гэж байсан гэнэ. Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр энэ талаар “Хэргийг үйлдсэн хүмүүс “Соёлын сайдын зөвшөөрлийн дагуу хүн чулууг зөөж, музейд байршуулах гэж байна” хэмээн мэдүүлсэн. Гэвч энэ ажлыг Соёлын яам, аймгийн Соёлын газрынхан болон музейн ажилтнууд огт мэдээгүй байна лээ. Өөрөөр хэлбэл, Соёлын яамнаас хүн чулууг зөөвөрлөх үүргийг манай аймгийн ямар нэгэн байгууллага, хувь хүнд даалгаагүй болох нь тогтоогдсон. 1-2 метр өндөр, хүн чулуун хоёр хөшөөг зориулалтын бус техник ашиглан зөөвөрлөсөн нь Монголын соёлын өвд халдсан гэмт хэрэг. Тиймээс энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна” гэв.