- Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
- Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
Үндсэн хуулиас
Сонгууль бол иргэдийн хувьд улс төрийн эрхээ эдэлж буй дээд хэлбэр. Тийм ч учраас сонгуулийн санал хураах өдрийг “Жирийн иргэд төрийн эрх барих өдөр” гэдэг. Засгийн эрхийг хэнд өгөхөө, хэнээр төрд төлөөлүүлэхээ сонгож, хамгийн чухал шийдвэрийг энэ өдөр гаргадаг болохоор тэр.
...Иргэдийг төлөөлж төрд ажиллах залуу улстөрчид “Өөр хүн дугуйллаа гэхэд энэ санал надад ирэх хэрэгтэй. Үүнийг яаж хийх вэ... Түүнийг баллаад, үүнийг уншаад гардаг бол шууд давай! Өөр хүн дугуйлчихсан байхад Сэмжидмааг дугуйлчихсан гараад ирвэл болж байна...” хэмээн ярьж яваа нь, түүнийг нь сонгогчид ч, нам нь ч тоохгүй толгойг нь илж байгаа нь хэвийн зүйл мөн үү...
Сонгогчдын энэ эрхэм эрхэд халдах, булхай, луйвраар сонгуульд ялах нь төрийн эрхийг хууль бусаар авч буй хэрэг. Сонгууль бүрээр төрийн эрхийг хууль бусаар авах, авахыг завдах явдал гарсаар, улам увайгүй, улайм цайм болсоор байгаа нь харамсалтай.
Иргэдэд мөнгө, эд бараа тарааж саналыг нь худалдаж авах, нэг хаяг дээр хэдэн арваараа бүртгүүлж санал өгөх гэх мэтийн бүдүүлэг арга нэгэнт ил болж, өнөө хүртэл ашигласаар байгаа. Өмнө нь голдуу механик аргаар ажилладаг байсан саналын “луйварчид” одоо улам ахисан түвшинд, өргөн хүрээнд, илүү цахимжсан луйвар хийх арга хайж буй нь энэ удаагийн орон нутгийн сонгуулиар харагдав.
Улс төрд дөнгөж хөл тавьж, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших мандатаа авсан хоёр бүсгүй санал тоолох “хар машин”-ыг хакердуулахаар ихэд идэвхийлж буй ярианы бичлэг орон нутгийн сонгуулийн өмнө тарсныг өдгөө хүмүүс мартсан биз. Цухас сануулъя.
Сонгогчдын саналыг тоолдог хар машиныг хакердаж, сонгуулийн үр дүнг өөрчлөхөөр нэр бүхий улстөрчид ярьж буй бичлэгийг анх улс төр судлаач О.Чулуунбилэг, нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъян, “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат нар олон нийтэд ил болгосон. Тэд уг бичлэгийг ТЕГ-ын гүйцэтгэх ажиллагааны бичлэг хэмээн мэдэгдсэн юм. Гадаадаас программ ашиглан санал тоолдог цахим машиныг хакердах, тохиргоо хийх замаар сонгуулийн дүнд нөлөөлөх талаар ярьж буй нь илт уг аудио бичлэгүүдэд Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, дүүргийн ИТХ-д нэр дэвшигч Б.Сэмжидмаа, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зөвлөх, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигч Г.Гангамөрөн нар нэр нь тодорхойгүй хүмүүстэй санал солилцож буй нь бичигдсэн байдаг. Тодруулбал,
Нэр дэвшигч: -МАН-аас Сэмжид, АН-аас Энхболд хоёр нэг тойрогт өрсөлдөж байлаа. Би өөр хүн дугуйллаа гэхэд энэ санал надад ирэх хэрэгтэй. Үүнийг яаж хийх вэ.
Хакер: -...Программ өөрөө бүх юмаа зохицуулаад, та хэдийн өгсөн нэрийн жагсаалтаар урьдчилаад... Ажиллагаа яваад эхлэх юм бол хэсгийн хороон дээр хэчнээн саналын хуудас ирэх мэдээллээ урьдчилаад авчихна шүү дээ. Тэгээд түүн дээр л бүх зүйлээ хийнэ. Эргээд машинаар тоолсон, гараар тоолсон хоёр таарна. Ерөөсөө л үр дүнд нь гар тооллого, машины тооллого хоёр чинь яг адилхан байна гэсэн үг... Яг хамтраад хийе гэвэл бидний зүгээс бүх ажиллагаанд бэлэн. Зөвхөн Баянгол дээр гэх үү, нийслэл дээр үү.
Нэр дэвшигч: -Түүнийг баллаад, үүнийг уншаад гардаг бол шууд давай! Өөр хүн дугуйлчихсан байхад Сэмжидмааг дугуйлчихсан гараад ирвэл болж байна...
Хакер: -...Мэдээж тусгай программ байгаа. Программ дээр ажиллана. Бид санал хураалтын хуудас дээр л ажилладаг. Хар машины сервер гадаадад байдаг. Тэгэхээр бид яг тэр чиглэл дээр ажиллана гэсэн үг. Саяын УИХ-ын сонгуулийн үеэр ч бид том хэмжээний ажиллагаа хийсэн. Амжилттай болсон. Үр дүнг нь та нар мэдэж байгаа... гэхчлэн ярилцах аж.
Яах аргагүй санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнг өөрчлөх гэж улайран ярьж байгаа биз. Хууль хяналтын байгууллагын эрх бүхий төлөөллүүд ч ийм яриа хөөрөө өрнөснийг үгүйсгээгүйгээр барахгүй бүлэг этгээд ийм санал тавьсныг баталсан. Тухайлбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Хэргийг ТЕГ шалгаж байна. Энэ хэргийг тодруулбал Л, Ц, Д, А гэгч этгээдүүд улс төрийн намуудын нэр дэвшигчидтэй уулзаж, иймэрхүү санал тавьж залилан мэхэлсэн гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээд, холбогдох шалгалт хийж, эд мөрийн баримтын хамт аравдугаар сарын 07-нд ТЕГ луу шилжүүлсэн. Одоо ТЕГ-т хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байна. Ер нь бусад намын төлөөлөлтэй ч уулзаж ийм зүйл ярьсан” гэсэн.
Мөн ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү “Нийтэд тархсан аудио бичлэгтэй холбоотой асуудлыг ТЕГ шалгасан. Өмнө нь залилан хийж байсан нэр бүхий дөрвөн этгээд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх буюу хакердаж болно гэж бусдад итгүүлэх байдлаар хамтран ажиллах санал тавьсан. Аль нэг улс төрийн намын гишүүн тэдэнд итгэж мөнгө өгсөн, тохиролцсон зүйл байхгүй. Тус хэрэг нь залилах гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн газарт шалгуулах саналтайгаар прокурорт шилжүүлсэн” гэсэн юм.
“Хар машин” хакердаж сонгуулийн дүнд нөлөөлөх тухай яриа гарцаагүй өрнөснийг тэд баталж буй юм. “Хар машин”-ыг хакердаж болно, өмнө нь ч ийм ажил хийсэн гэж ярьсан нөхөд үнэнээсээ өчсөн, эсвэл худлаа ярьж залилах зорилготой байсан нь тийм ч чухал асуудал биш. Үүрэг хүлээсэн хууль хяналтын байгууллага нь үүнийг тогтооно биз. Харин иргэдийг төлөөлж төрд ажиллах залуу улстөрчид “Өөр хүн дугуйллаа гэхэд энэ санал надад ирэх хэрэгтэй. Үүнийг яаж хийх вэ... Түүнийг баллаад, үүнийг уншаад гардаг бол шууд давай! Өөр хүн дугуйлчихсан байхад Сэмжидмааг дугуйлчихсан гараад ирвэл болж байна...” хэмээн ярьж яваа нь, түүнийг нь сонгогчид ч, нам нь ч тоохгүй толгойг нь илж байгаа нь хэвийн зүйл мөн үү. Улайм цаймдаа гарсан увайгүй санаагаа ярьсныг нь баримтжуулсан аудио бичлэг байсаар атал төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдлийг нь нүдээ аниад өнгөрөөх юм уу.
Дээрх бичлэгт нэр дурдагдсан хоёр бүсгүйн нэг нь нийслэлийн ИТХ-ын, нөгөө нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгээд зогсохгүй Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Сэмжидмаа дүүргийн ИТХ-ын дарга болохоор нэрээ дэвшүүлээд байгаа шүү.
Бэлтгэсэн: А.Амина