Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын III баг Усан сангийн гудамжинд ноцтой хэрэг бүртгэгджээ. Тус гудамжны оршин суугчдаас “Эрэгтэй хүүхдийн чих болон амнаас нь цус гарсан байдалтай нас барсан байна” хэмээн цагдаад дуудлага өгчээ. Мэдээллийн дагуу, цагдаагийн алба хаагчид, прокурор, шинжээч эмчийн бүрэлдэхүүн хэргийн газар очиж ажиллажээ. Хэргийг шалгахад тус гудамжинд оршин суугч З нь өөрийн төрсөн хүү болох Б-г архидан согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байж. Хэргийн газраас нэг метр урт саваа мод, “Хараа” архины шилнүүд олджээ. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт хэргийг шалгаж байна.