Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Б.Хүлгэн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд өөрийн дагавар хүү болох гурван настай хүүг онц хэрцгийгээр зодож амь насанд нь хүрсэн. 1996 онд төрсөн тэрбээр 2013, 2015, 2017, 2018 онд хулгай дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаа ял шийтгэл эдэлж байсан. Улмаар 2019 оны зургадугаар сард хорих ангиас суллагдсан бөгөөд тухайн оныхоо аравдугаар сараас талийгаач хүүгийн ээжтэй хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Амьдарч эхэлсэн цагаасаа эхлэн дагавар хүүхдүүд болох гурав, нэг ой гурван сартай хүүхдүүдийг тамлан зовоодог байсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Улмаар гурван настай хүү түүнийг зодуурыг даалгүй зуурдаар өнгөрсөн юм. Хүүгийн элэг бяцарсан нь үхлийн шалтгаан болсон гэдэг. Бага дүүг нь тамхины цогоор түлэх, зодох, хоолгүй байлгах гээд хүний санаанаас гарамгүй үйлдлийг шүүгдэгч Б.Хүлгэн байнга гаргадаг байсан нь ч тогтоогдсон.
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургадугаар сарын 25-нд хянан хэлэлцээд Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял ногдуулсан. Гэвч Б.Хүлгэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн долдугаар сарын 30-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг бодитой гэж үзлээ.