Монгол Улсын хууль сахиулах байгууллагынхны хяналт сул гэж боддог гадаадын гэмт хэрэгтнүүд манай орныг “онилж” байсан цаг саяхан. Тэд Монголын нутаг дэвсгэрийг мөнгө угаах гэмт хэргийн талбар болгож, олноороо орж ирэн хууль бус үйлдлээ хийчихээд гардаг тохиолдол хэдхэн жилийн өмнө байв. Харин сүүлийн 1-2 жилд Монголыг ФАТФ-аас “саарал жагсаалт”-даа оруулснаар манай хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа сайжирч, улс орноо эрсдэлээс гаргахын тулд олон ч ажил хийж хэрэгжүүллээ. Ингэснээр уг жагсаалтаас гарах урьдач нөхцөлийг хангачихаад буй. Үүний тулд цагдаа, тагнуул, шүүх, прокурорын байгууллага мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэн шалгах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Үр дүнд нь олон ч хэрэг илрүүлэн заримыг нь шүүхэд шилжүүлж, нэг бус хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан БНХАУ-ын 15 иргэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, шүүгдэгч Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болж, бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх тогтоол гаргав. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утаснууд, есөн автомашин, бэлэн мөнгө зэрэг 110 нэр, төрлийн эд зүйлсийг улсын орлогод оруулахаар болсон юм.
Олон улсын анхаарлыг татсан дээрх хэргээс өмнө манай улс мөнгө угаасан олон хэрэг шүүхээр шийдвэрлэж байжээ. Шүүхийн статистик мэдээллээс үзвэл, улсын хэмжээнд 2017-2020 оны наймдугаар сарын байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгасан 153 хүнд холбогдох 118 хэргийг хянан шийдвэрлэснээс 150 хүнийг гэм буруутайд тооцсон байх юм.
Шүүхээр шийдвэрлэсэн энэ төрлийн хэрэг сүүлийн дөрвөн жил тогтмол өссөн аж. Мөнгө угаах үйлдлийг залилах, хулгайлах, авлига, албан тушаалын зэрэг гэмт хэрэгтэй хамт прокурорын байгууллагаас зүйлчлэх тохиолдол цөөнгүй. Ингэж давхар зүйлчилсэн зургаан хэргийг шүүхээр шийдвэрлэсний нэг нь Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Эжикэмэ Чимэзиэ Жон нарт холбогдох үйлдэл. Тэрбээр манай улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нартай бүлэглэн мөнгө угаасан хэрэгт холбогдож, гурван шатны шүүх тэднийг гэм буруутай гэж дүгнээд байгаа юм. Энэ хэргийн хавтсаас сөхье.
ИТАЛИ, ТУРКИЙН КОМПАНИЙГ МОНГОЛООС ХУЛХИДАЖ, МӨНГИЙГ НЬ ЛУЙВАРДЖЭЭ
Эжикэмэ Чимэзиэ Жон гэх 40 настай Нигерийн иргэн эр Улаанбаатар хотын харьяат, эхнэр Б.Хулан болон Монголд ирээд танилцсан Д.Ганболд, Т.Анхбаяр нартай хамтран бизнес эрхлэхээр болж 2018 оны арваннэгдүгээр сард “Лонати С.П.А”, мөн оны арванхоёрдугаар сарын 4-нд “Делүксе мулти сервисес СРЛ” гэх компани байгуулжээ. Тэдний нэг болох “Лонати С.П.А” ХХК нь Италийн компанитай яг ижил нэртэй юм байна. Италийн “Лонати С.П.А” компани нь Бүгд Найрамдах Турк Улсын “Алпин корап сан” гэх аж ахуйн нэгжтэй хамтран бизнес эрхэлдэг аж. Гэтэл манай улсад орж ирсэн Нигерийн иргэн Эжикэмэ Чимэзиэ Жон Туркийн компани руу хуурамч захидал илгээж, данс өөрчлөгдсөн гэж мэдэгдсэн байна. Ингээд Монгол Улсад манай иргэдтэй хамтран байгуулсан “Лонати С.П.А” ХХК-ийнхаа дансыг өгчээ. Ийнхүү интернэтээр Туркийн аж ахуйн нэгжийг төөрөгдүүлж, “Алпин корап сан” компаниас Италийн “Лонати С.П.А” руу шилжүүлэх байсан их хэмжээний еврог Монголд байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн “Голомт” банк дахь дансаар авсан байна. Мөн дээрх Италийн компанитай харилцдаг Тур
кийн өөр нэг аж ахуйн нэгж болох “Лонтекс макина саная” компаниас ч 464 мянга гаруй еврог замаас нь луйварджээ. Өөрөөр хэлбэл, Италийн аж ахуйн нэгжийн цахим хаягийг хакердан, харилцдаг аж ахуйн нэгжийг нь судлаад мөнгийг нь залилсан гэсэн үг. Энэ талаар Туркийн иргэн Ибрахим Эркан мөрдөн шалгах ажиллагааны үед “Лонтекс макина саная” компани Италийн “Лонати С.П.А” компанийн Турк улс дахь албан ёсны төлөөлөгч. Тиймээс байнга цахим захидлаар холбогддог. Гэтэл 2018 оны арваннэгдүгээр сарын 9-нд Италийн “Лонати С.П.А” компанийн байнгын харилцдаг цахим хаягтай нэг үсгийн зөрүүтэй боловч харахад адилхан хаягаас захидал ирсэн байсныг би анзааралгүй хариу бичсэн. Өөрөөр хэлбэл, миний харилцдаг Марко гэх хүний цахим хаяг дунд ганцхан “С” үсэг нэмэгдсэн байсныг би анзаараагүй. Үүнээс бүх зүйл эхэлсэн. Уг захидалд “Делүксе мулти сервис” компанийн данс руу төлбөрөө шилжүүл. Санхүүгийн хяналтын байгууллагаас 25 хоногийн хугацаатай аудитын шалгалт хийж байгаа. Тиймээс хуучин данс руу төлбөрийг мөнгийг шилжүүлж болохгүй, бид үйл ажиллагаагаа алдахгүйн тулд нөөц буюу хоёрдогч дансаар мөнгөний хөдөлгөөнөө үргэлжлүүлэх шаардлагатай байна” гэсэн байв. Мөн өөр нэг захидалд “тоног төхөөрөмжийн төлбөр 465 000 еврог манай “Лонати С.П.А” компанийн Монгол Улсын “Голомт” банк дахь данс руу шилжүүлээрэй, манай компанийн санхүүгийн шалгалт дуусаагүй учир Ази дахь энэ дансаараа төлбөрийн мөнгөө шилжүүлж авахаас өөр аргагүй байна” гэж бичсэн. Үүнээс гадна манай компанийн харилцагч Турк Улсын “Алпин корап саная” компани Италийн “Лонати С.П.А” компаниас тоног төхөөрөмж худалдан авахаар захиалж, төлбөрөө хэд хэд хуваан хийхээр тохиролцсон байсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 5-нд би Маркотай утсаар холбогдон сүүлийн сард ирүүлсэн захидлын дагуу Монгол дахь арилжааны банкны данс руу мөнгө шилжүүлсэн талаар хэлснээр залилуулж буйгаа мэдсэн” хэмээн ярьжээ.
Хэрэгт холбогдсон дөрвөн хүн Туркийн дээрх аж ахуйн нэгжүүдэд нийтдээ хоёр тэрбум 125 сая гаруй төгрөгтэй тэнцэх еврогийн хохирол учруулсан байна. “Голомт” банкны нэг ажилтан нь гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд тэрбээр “Би мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалтай. Энэ асуудал манай банкны хувьд анх удаа тохиолдож байна. Өмнө нь гадаадын банкны үйлчлүүлэгч манай банкны харилцагчийн интернэт мэдээлэлд нэвтэрч залилж байсан бол энэ удаад манай банкны харилцагч гадаад улсын банкны үйлчлүүлэгчийг залилсан тохиолдол гарлаа. Дээрх орлогын гүйлгээнүүд хийгдсэний дараа Туркийн банкнаас манай банкинд хандсан свифт мессеж ирсэн. Тэнд “Харилцагч нь луйвардуулсан тул дээрх орлогын гүйлгээг буцааж өгнө үү” гэж бичсэн байв. Улмаар бидэнд ирүүлсэн луйвардуулсан гэх баримт, мэдээллүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Ингээд “Делүксе мулти сервисес” ХХК-ийн дансанд орж ирсэн 234 000 еврог тус компанийн төгрөгийн данс руу шилжүүлсэн байсныг банкны зүгээс түр битүүмжилж, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд харилцагчдын талаар танилцуулсан. Түүнээс өмнө орж ирсэн мөнгийг Б.Хулан гэдэг хүн таван удаагийн зарлагын гүйлгээгээр чек бичүүлэн авсан байна лээ. Ингэж битүүмжилсний дараа Б.Хулан ирж уулзаад “Барааны төлбөрт шилжүүлсэн мөнгөө авмаар байна, яагаад гаргаж өгөхгүй байгаа юм бэ” гэж байлаа. Дараа нь 2019 оны гуравдугаар сард Б.Хулан нэг залуугийн хамт дахиж ирээд мөнгөө авмаар байна гэхэд нь “Бид холбогдох мэдээллийг авч судалгаа хийгээд эргээд хариу өгнө гэж хэлээд явуулсан” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкныхан хууль сахиулагчидтайгаа хамтарч ажилласны дүнд олон улс дамнасан мөнгө угаадаг бүлэглэлийн сэжүүрийг атгуулсан байна.
“САЙН” ББСБ-ААР ДАМЖУУЛЖ МӨНГӨӨ БНХАУ РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Эжикэмэ Чимэзиэ Жонтой гэр бүл болж, тус улсад нэг хэсэг амьдарч байгаад ирсэн Б.Хулан мэдүүлэгтээ “2017 оны эхээр би Нигерид амьдарч байхдаа бэр охиноос “хөрөнгө оруулалт авах хүсэлтэй, хэрэгтэй хүн байна уу” гэж асуухад намайг Д.Ганболдтой холбож өгч танилцуулсан юм. 2018 оны тавдугаар сард нөхөр, хүүхдүүдийн хамт Монголд ирээд удалгүй Д.Ганболд, Т.Анхбаяр нартай уулзаж байсан” хэмээсэн байна. Ингээд тэд хамтарч дээр дурдсантай нийлээд 10 гаруй аж ахуйн нэгжүүдийг манай улсад байгуулж, хуурамч хаягаар захидал илгээн Туркийн компаниудад хоёр тэрбум 125 сая гаруй төгрөгийн хохирол учруулж. Тэд луйвардсан мөнгөө “Голомт” банкны “Тэнгис” салбараас таван удаагийн гүйлгээгээр гарган авч “Сайн” хэмээх банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-аар дамжуулан 2018 оны арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд БНХАУ руу шилжүүлэн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо угаажээ. Тус ББСБ-ын ажилтан энэ талаар мэдүүлэхдээ “Б.Хулан гэдэг хүн манай байгууллагын Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байдаг салбараар таван удаа үйлчлүүлсэн байсан. Тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд 171 мянга шахам юань БНХАУ-ын Гуанжоу хот руу мөнгө хүлээн авагч нь Ляо Фанг гэх хүний нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Түүнээс хойш тус хот руу Зао Лянг, Вү Тиан И гэдэг хүмүүс хүлээн авахаар их хэмжээний юань явуулсан байна” хэмээсэн байх юм.
Ингэж мөнгө шилжүүлж байсныг нь “бизнесийн хамтрагч” гэх Д.Ганболд, Т.Анхбаяр нар нь мэдээгүй хэмээн тайлбарладаг бөгөөд харин Б.Хулан нь “Банкны данснаас авсан мөнгийг Д.Ганболд хадгалж байгаад хуваагаад надад “БНХАУ руу шилжүүлэх мөнгө, бас зуучлалын хөлс гэж таван хувь нь шүү” гээд өгдөг, бусдыг нь өөрсдөө авдаг байсан” гэсэн мэдүүлэг өгснөөс үзвэл хэргээ бие бие рүүгээ чихэх гэж оролдсоны илрэл бололтой.
Тэдэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Эжикэмэ Чимэзиэ Жонд гадаадын аж ахуйн нэгжийг цахим хэрэгсэл ашиглан залилсан үйлдэлд нь долоо, мөнгө угаасан хэрэгт нь гурав, нийт 10 жил хорих ял оноосон юм. Харин Б.Хуланд ес, Д.Ганболдод найм, Т.Анхбаярт зургаан жил хорих ял оноогоод тэдний нэр дээр бүртгэлтэй 22 тээврийн хэрэгсэл, “Эмералд резиденс” хотхон дахь хоёр орон сууцыг хохиролд тооцуулахаар болсон аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн бол Улсын дээд шүүхэд энэ сарын 9-нд уг хэргийг хянаад тэдний залилан мэхэлсэн үйлдлийг нь хөнгөрүүлэн зүйлчилж, Эжикэмэ Чимэзиэ Жоныг найм, Б.Хуланг долоо, Д.Ганболдыг зургаа, Т.Анхбаярыг дөрвөн жил хорихоор шийдвэрлэжээ. Ийнхүү Нигерийн иргэн монгол эхнэр болон “бизнесийн хамтрагчид”-тайгаа нийлж Итали, Туркийн компаниудыг Улаанбаатараас залилан мөнгө угаасан хэргийг гурван шатны шүүх эцэслэлээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа