УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн. Шүүхийн тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор Н.Номтойбаярыг хорих ял эдлэх анги руу нь буюу Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа 417 дугаар ангид шилжүүлснийг эх сурвалжууд хэллээ. Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)- ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс зэрэг хүмүүстэй хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэхдээ улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ урвуулсан гэм буруутай гэж шүүх дүгнэсэн. Улмаар Н.Номтойбаярт нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, таван жил таван сар хорих ял оноосон билээ. Тэгвэл уг хэрэгт хамтран оролцсон хэмээн буруутгагдсан Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэв. Уг нь түүнийг бусад холбогдогчийн хамт шүүх байсан. Гэтэл өмгөөлөгч нь тухайн үед хуралд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэнээр түүний үйлдлийг тусгаарласан юм. ХХҮЕГ-ын ажилтан түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасан, 15 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ. Харин давж заалдах шатны шүүхээс 10 сая төгрөгөөр торгохоор өөрчлөлт оруулжээ.