Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Батбаярын Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт зааснаар Б.Ундармаагийн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 2.6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ундармаа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор уг хэргийг хянан хэлэлцэв. Ингээд шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял ногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.