Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо III багийн нутаг дахь Цагаан Эрэг гэх газрыг УИХ-ын 2002 оны 39 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалттай газарт тооцсон. Тэрхүү мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх эрхийг Ховд аймгийн төр захиргааны болон хууль хяналтын байгууллагын дарга тун овжноор ашиглажээ. Тодруулбал, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд олборлож, олборлолтыг байнга хийж байгаль орчныг доройтсон дээр нь нэмж доройтуулсан аж. Ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан Ховдын удирдлагыг шалгаж, шүүхэд шилжүүлсэн ч хэлэлцэх хугацааг удаа дараа хойшлуулсаар байгаа юм. Тухайн бүлэглэлийнхэн уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахын тулд цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагынхныг элсүүлж, хяналт, шалгалтаас хол байж иржээ. Мөн хууль бусаар олборлосон гянтболдыг хяналтгүйгээр тээвэрлэж, зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн хүмүүс хээл хахууль өгөх, авч байжээ. Р.Баатархүү, Ш.Үнэнбат, Н.Бат-Эрдэнэ, Х.Бат-Эрдэнэ, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.5- 1, 2 буюу хахууль өгөх, 22.4 -2, 4 дэх хэсэг буюу хахууль авах, 18.6-3 дахь хэсэгт заасан мөнгө угаах, 20.3-1, 2, 3 дахь хэсэг дэх зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. 30 хүнд холбогдох 89 хавтас бүхий эрүүгийн хэргийг арваннэгдүгээр сарын 11-нд хэлэлцэнэ.