Чингэлтэй дүүрэгт нэгэн гэр бүлийнхэн угаартаж, нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хүйтний ам наашилсан өдрүүдэд гал түлэхдээ зааврын дагуу ноцоож, анхаарал болгоомжтой байхыг онцгой болон цагдаагийн байгууллагаас сануулсаар байгаа билээ. Мөн БОАЖЯ-наас сайжруулсан түлштэй холбоотой мэдээллийг өдөр бүр иргэдэд өгч буй. Гэвч иргэд санамсаргүй байдлаар ийн угаарын хийд хордож, бүр амиа алдаж байна. Дээрх мэдээллийг дэлгэрүүлбэл, Чингэлтэй дүүргийн IX хороонд оршин суух нэгэн гэр бүлийнхэн бүгд угаарын хийд хорджээ. Тус хороонд оршин суух 68 настай Н, 55-тай Т нар угаартаж, 54 настай О харамсалтайгаар нас баржээ. Угаартсан байдалтай ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан эл хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байна. Ер нь өчигдөр “Хүн угаартсан” гэх найман удаагийн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ.