Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн засаг захиргааны “Хангарьд” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг зарлалаа.
Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчингийн хэмжээг 4 тэрбум 342 сая 340 төгрөгөөр тооцжээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүсэн тул ийн "Хангарди" ордныг хувьчлах шийдвэр гаргасан бололтой.
Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон. Цутгамал төмөр бетон суурьтай, цутгамал төмөр бетон араг бүтэцтэй төмөр бетон дам нуруутай цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгцтэй шилэн фасадтай төмөр вакум цонхтой зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм. Барилгын суурийн урт 30 м, өрогөн 18 м, 2 дугаар давхраас дээш бүх давхар нь нүүр хэсгээрээ буюу баруун талдаа 18 м-ийн урттай, 1,5 м-ийн өргөнтэй консолийн хэсэгтэй, 3-15 давхрын урт 34 м өргөн 19 м өргөнтэй. Нийт 9774,7 мкв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гаражтай, 589м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамт худалдах аж.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 10:00 цаг хүртэл хүлээж авах юм байна.