Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үр ашгийг дүгнэж, цэгнэх ёстой гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлдэг. Төсөл, арга хэмжээнийхээ үр ашгийг дүгнэчихвэл эрэмбэ нь тодорхой болно. Заавал хэрэгжүүлэх шаардлагагүй төслүүд ч аль нь вэ гэдэг нь тодорхой болж мэдэх юм. Хэрэв ийм ажил зохион байгуулбал төсвийн хөрөнгө оруулалт ойлгомжтой, цэгцтэй, үр ашигтай болох нь дамжиггүй. Уг нь Засгийн газар улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дүгнэх судалгааг хийчихмээр, эсвэл хийлгэчихмээр байгаа юм. Гэвч хөдөлж өгөхгүй өдий хүрлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний дүр зурагт өмнөх жилүүдийнхээс ялгарах онцгой зүйл алга. Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн төслөө үргэлжлүүлдэг учраас ингэж харагдах нь зүй биз. Улсын төсвийн хөрөнгөөр ирэх онд 1036 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнд үр ашигтай ч, ашиггүй ч төсөл багтаж байгаа. Төслүүдийг үр ашигтай, эсэхийг тодорхойлох алхам хийхгүй байгаад гол учир нь бий. Төсвийн үр ашгийг дүгнэдэг механизм хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт толгойгоо гашилгах цаг болсон. Ингэвэл татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулж буй, эсэх нь илэрхий болох юм.
Дээрх төсөл, арга хэмжээнүүдийн 647-г нь өмнөх жилүүдэд болон энэ онд хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, дараа жил дамжуулан хийхээр төлөвлөсөн гэсэн үг. Ирэх жил 389 төсөл, арга хэмжээг шинээр эхлүүлэх нь. Нэгэнт хэрэгжүүлээд эхэлсэн төслийг дуусгах нь зөв. Харин шинээр эхлүүлэх гэж буй төслийн үр ашгийг сайтар тооцох учиртай. Шинээр эхлүүлэх төслүүдийн төсөвт өртөг нь 368.1 тэрбум төгрөг аж. Үүнээс тоо нь олон ч хөрөнгө оруулалт багатай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь гэж дүгнэе.
...Г.Ёндон ирэх жил хамгийн бага буюу 1.7 тэрбум төгрөг захиран зарцуулах нь. Тэднийх Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг Хэнтий аймгийн Бэрх тосгонд байгуулах төсөл л хэрэгжүүлэх юм байна...
Төсвийн ерөнхийлөн захирагч нар ирэх жил 1036 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1.6 их наяд төгрөг зарцуулна. Үүний 224 тэрбум төгрөг нь концессын барих-шилжүүлэх төрлөөр гүйцэтгэсэн таван төслийн төлбөр аж. Үлдсэн 1.38 их наяд нь он дамжуулан хэрэгжүүлсэн болон шинээр эхлүүлэх төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалт. Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам Засгийн газрын өр өсдөг. Өр, төлбөрөө нэмэхгүйн тулд зарим хөрөнгө оруулалтаа царцаах боломжтой. Гэхдээ эдийн засгийн хямралтай энэ үед “Төсвийн хөрөнгө оруулалтыг царцаа” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Төсвөө тэлж, эдийн засгийн хямралын нөлөөг бууруулахаас өөр гарц Монгол Улсад алга. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг энэ хэвээр батлах нь зүйтэй болов уу. Гэхдээ үр ашгийг нь тооцдог механизм бүрдүүлэх хэрэгтэйг дахин сануулъя.
Аймагт залуучдын ордон, ахмадын өргөө, сумын төвүүдэд цагдаагийн байр, дотуур байр барих гэх мэт нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтыг царцааж болно. Хөрөнгө оруулалтын жагсаалтыг “онгичоод” үүнийг хэрэгжүүлэхээ больё, түүнийг царцаая гэж хэлж болох байх. Гэхдээ компаниуд бүтээн байгуулалт хийн, ажлын байраа хадгалах нь өр нэмэгдэхээс илүү эдийн засагт ашигтай учраас төсвийн хөрөнгө оруулалтыг үг дуугүй дэмжихээс өөр аргагүй нь. Эдийн засгийн макро үзүүлэлтүүдээ сайжруулж, хямралын цохилтыг зөөллөе гэвэл ингэх нь зөв.
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016-2020 онд нийт 5.94 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн гэх статистик гарчээ. Үүнээс 2016-2019 онд нийт 3.91 их наяд төгрөгийн гүйцэтгэл гарсан байна. Энэ онд хэрэгжүүлэхээр батлагдсан 1.65 их наядын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл одоогийн байдлаар 52.4 хувийн хэрэгжилттэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэгжилт нь хоцорч, дараа жил үргэлжлүүлэхээр болсон гэсэн үг.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардал
Төсвийн ерөнхийлөн захирагч нараас Боловсрол, шинжлэх ухааны сайд хамгийн их буюу 362.2 тэрбум төгрөг захиран зарцуулна. Хүн амын өсөлт, төвлөрлөөс шалтгаалан олон сургууль, цэцэрлэгийн барилга барих шаардлага үүссэн. Ялангуяа Улаанбаатар хотод олон сургууль, цэцэрлэг барих шаардлагатай болсон учраас Боловсрол, шинжлэх ухааны сайд ийм их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Соёлын сайд 99.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Томоохон музей, театрын барилгын бүтээн байгуулалт үүнд жин дарж буй. Хэрэв Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Соёлын яамыг салгаж, бүтцийг өөрчлөөгүй бол хариуцсан нь сайд ирэх жил 470 тэрбум төгрөг зарцуулах байжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд өмнө нь жилд 600 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хариуцаж байсан тохиолдол бий. Үүнтэй харьцуулбал, соёл, боловсролын салбарын хөрөнгө оруулалт багасжээ. Сургууль, цэцэрлэгийн барилга хүрэлцээтэй болж, дотуур байруудаа шинэчлэн, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалт дууссаны дараа дээрх салбарын төсвөөс нэхэх мөнгөний хэмжээ багасах нь дамжиггүй. Соёл, боловсролын салбар 2023 оноос төсвөөс их хэмжээний хөрөнгө нэхэх нь багасна гэж таамаглаж байна.
Улсын төсвөөс их хэмжээний мөнгө хуваарилуулж буй дараагийн салбар бол зам, тээвэр. Монгол Улсын дэд бүтцийн хөгжил сул. Манай улсад 21 аймгаа Улаанбаатартай, заримыг нь хороонд, сум суурин газраа гол авто замтай холбох шаардлага бий. Үүнээс гадна өмнө тавьсан хатуу хучилттай зарим замаа шинэчлэх, гүүр тавих шаардлагатай. Тэгэхээр ойрын жилүүдэд зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалт багасахгүй болов уу. Улс орны эдийн засгийн хөгжилд дэд бүтэц чухал үүрэгтэй. Эдийн засгийн салбараа хөгжүүлье гэвэл дэд бүтцэд хөрөнгө зарцуулах нь зайлшгүй. Энэ салбарт ирэх жил улсын төсвөөс 236.6 тэрбум төгрөг зарцуулах нь.
Барилга, хот байгуулалтын сайд ирэх жил 179.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хариуцна. Нийтийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээ, гудамж талбайг шинэчлэх ажил энэ яаманд хамаатай. Хот байгуулалт, тохижилтын чиглэлээр хийх ажил их байгааг бид мэднэ. Тиймээс иргэдийн амьдрах хүрээлэн буй орчныг таатай болгохын төлөө ихээхэн хөрөнгө зарцуулах нь дамжиггүй.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 149.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нь. Тус салбарын сайдад ийм их хэмжээний мөнгө захиран зарцуулж байсан түүх бараг байхгүй биз. Гаалийн шинэчлэлийн хүрээнд хилийн боомтуудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 59.7 тэрбум төгрөг зориулах юм байна. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад 64 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ийм зардал Сангийн сайдын зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөсөн аж.
Сайд нараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хариуцсан Г.Ёндон ирэх жил хамгийн бага буюу 1.7 тэрбум төгрөг захиран зарцуулах нь. Тэднийх Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг Хэнтий аймгийн Бэрх тосгонд байгуулах төсөл л хэрэгжүүлэх юм байна. Коронавирус тархахаас сэргийлэх арга хэмжээ авснаар Эрүүл мэндийн сайдын зарцуулах мөнгө нэмэгдсэн. Өөрөөр бусад яам, газрын төсөвт анхаарал татах зүйл алга. Овойж оцойсон их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөв ч батлуулсангүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ирэх жилийн төлөвийг “сонжиход” ийм байлаа.