Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 2016-2018 онд ажилласан С.Батболдыг АТГ-т шалгаж байгаа талаар бид өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн билээ. Гэвч түүнд холбогдох албан тушаалаа урвуулсан хэргийг НПГ-ын хяналтын прокурорын шийдвэрээр хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр нийслэлийн төсөв хэд хэдэн орон сууцаар буюу олон зуун сая төгрөгөөр хохирох нь тодорхой болов. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан аль нэг нам, эвслийнхэн, эсвэл шинээр томилогдох нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь прокурорын байгууллагын Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах албаныхантай хамтарч шүүхэд нэхэмжлэл гарган төсөвтөө учирсан хохирлыг гаргуулах талаар арга хэмжээ авч ажлаа эхлэх нь зүйтэй болов уу.
Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол хэн нэгэн дарга, албан тушаалтан татвар төлөгч иргэдийн мөнгөөр өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүсийг ивээн тэтгэж, байр, орон сууцтай болгох явдал цаашид ч үргэлжилж болзошгүй.
2016-2018 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан С.Батболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн өвлөөс шалгаж эхэлсэн бөгөөд түүний гаргасан тушаал, шийдвэрүүдийг хураан авсан юм. Улмаар түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн ч хяналтын прокурор нь хэрэгсэхгүй болгосон. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа ойр тойрны болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, 3-4 орон сууц үнэгүй авч өгсөн нь баримтаар тогтоогдсон байдаг. Тухайлбал, одоо хүртэл жолоочоор нь ажиллаж буй Давхарбаяр, төрсөн ахынхаа хүү Э.Ганболд, найзынхаа хүү Зоригтбаатар нарт орон сууц олгосон байдаг бөгөөд энэ бүхнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ нарын чихэнд холбогдох байгууллагаас хүргэхээр хандсан ч хэрхсэн нь тодорхойгүй таг чиг болсон аж. Тиймээс улс, нийслэлийн төсөвт хохирол учирч, татвар төлөгч иргэдийн мөнгө үрэн таран болж болзошгүй байгаа учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар эмхлэн байгуулагдаж буй дараагийн төлөөлөгч, Засаг дарга нар нэн тэргүүнд С.Батболдын албан тушаалаа ашиглаж олгосон орон сууцуудыг хураан авах нь шударга ёсонд нийцэх биз ээ.
Уг нь Улаанбаатар хотод барилга барьж буй аж ахуйн нэгжүүд газрынхаа болон бусад үйлчилгээнийхээ төлбөрт нийслэлийн өмчид орон сууц шилжүүлдэг аж. Тэдгээрээс С.Батболд ийнхүү өөрийнхөө ойрын хүмүүст орон сууц олгосон нь баримтаар тогтоогдсон байгаа юм. Ингэхдээ дээрх хүмүүст “Ар гэрийн гачигдлаар” гэсэн тодорхойлолт гаргаж, 2-3 өрөө байр олгосон нь батлагдсан. Нийслэлийн төр, захиргааны автобаазад олон жил ажилласан жолооч нар байртай болж чадахгүй байхад Засаг дарга болоход дагаж ирсэн жолооч нь, эсвэл найз нөхөд, садан төрлийнх нь хүмүүс хоёр жил болов уу, үгүй юү, “Ар гэрийн гачигдал” гэсэн үл ойлгогдох шалтгаанаар 2-3 өрөө орон сууцтай болсон нь шударга ёс уу. Зөвхөн дээрх гурван хүнээр тогтохгүй, эхнэрийнхээ холын садан, С.Батболдыг УИХ-ын гишүүн байхад гэрийнх нь үйлчлэгчээр ажиллаж байсан Мөнхзул гэх эмэгтэйд НОСК-ын өмчлөлийн, 100 айл дахь “Хангай” хотхоны түрээсийн орон сууцаас нэг байр авч өгсөн нь батлагдсан байдаг. Уг байранд тэр эмэгтэйн гэр бүл амьдарч, түрээсийн төлбөр огт төлөхгүй, ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардлынхаа төлбөрийг тушааж амьдарч байгааг ч хууль сахиулагчид тогтоосон юм билээ. Харамсалтай нь, хэргийг хэрэгсэхгүй болгосноор өдгөө яаж ч чадахгүйд хүрчээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон