- Б.Шинэбаатарыг “Эрдэнэт үйлдвэр”-т хохирол учруулахыг завдсан хэмээн ч буруутгав –
Хөгжлийн банкны хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга байсан Б.Шинэбаатар, гишүүн Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч өдгөө дээрх хүмүүст холбогдох хэрэг хаана байгаа нь тодорхойгүй өдий хүрч байна. Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг энэ оны тавдугаар сарын 1-нд хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах захирамж гаргасан юм. Гэвч НПГ-ын хяналтын прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар хамтран эсэргүүцэл бичсэнээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүх хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж өнгөрсөн долдугаар сарын 21-нд дүгнэсэн билээ. Гэвч түүнээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрөхөд анхан шатны шүүхээр хэлэлцэлгүй өдий хүрэв. Магадгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг үндэслэн Дээд шүүхэд гомдол гаргаж, хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусгах боломж бүрдүүлж байж болзошгүй гэх хардлага хуульчдын дунд байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ оны нэгдүгээр сарын 10-нд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 40.2-6 дахь хэсэгт “Энэ зүйлийн тав дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийнх байна” гэснийг үндэслэн Хөгжлийн банкны хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан албан тушаалтнууд, тэдний өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд гомдол хүргүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга байсан Б.Шинэбаатар нарт 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн тавдугаар сард анхан шатны шүүхээр хэлэлцэхээс өмнө дөрвөн удаа хурал товлосон ч өмгөөлөгч нар нь элдэв шалтгаар хойшлуулж байв. Тухайлбал, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүйгээс хоёр удаа, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаар хоёр удаа хурлыг хойшлуулсан билээ. Ингэсний дараа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Худалдаа хөгжлийн банкны төв байрны 11, 12 дугаар давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан. Бусдад давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авахдаа ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн дээрх хүмүүсийг буруутгаж буй. Уг хэрэгт тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үедээ УУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаал хашиж асан Ч.Отгочулууг яллагдагчаар тооцсон юм. Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөний дараа Б.Шинэбаатар дуудан, байсан мэтээр бичиг баримт бүрдүүлж, Худалдаа хөгжлийн банкнаас үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрх олгоход хамжигчаар оролцсон хэмээн буруутгасан байдаг.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг буруутгаж буй өөр нэг үндэслэл нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн эдийн засгийн байдлыг доройтуулж болзошгүй гэрээ байгуулахыг даалгасан явдал гэнэ. Тэрбээр Хөгжлийн банкны дээрх албан тушаалаас чөлөөлөгдсөнийхөө дараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан “Монголын зэс корпорац” ХХК-ийг төлөөлж энэ үйлдвэрийн ТУЗ-д томилогдсон билээ. Улмаар “Монголын зэс корпорац”-ын хамаарал бүхий “Хөтөл цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон шийдвэр гаргуулсан хэмээн яллагдагчаар тооцсон аж. Уг шийдвэрийг ямар ч тооцоо судалгаагүйгээр гаргуулсан нь түүнийг буруутгах үндэслэл болжээ. Энэ мэт олон үндэслэлээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат нарыг шалгаж, шүүхээр гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор болсон ч хэрэг нь өнөөг хүртэл хаана яваа нь тодорхойгүй болов.
Бэлтгэсэн: Г.Равжаа