“Ийшээ зургаан шуудайг хийчих. Хурдлаарай, даараад байна” гэж зандрах эр Баянгол дүүргийн нутаг, бидний хэлж заншсанаар Зурагтын шинэ эцэст байрлах сайжруулсан шахмал түлш борлуулах цэгээс түлшээ базааж буй нь энэ. Түүнийг үгээ бүрэн хэлж ч дуусаагүй байхад 40 гаруй насны хоёр эмэгтэй зургаан шуудай түлш машиных нь тээшинд хийж орхилоо. Энэ үеэр бас нэг залуу ирж, өмнөхтэй адил хэмжээний түлш аваад явав. Түлш борлуулах цэгийг зорих иргэдийн цуваа энэ мэтчилэн тасралтгүй үргэлжилнэ. Борлуулагч нь “Тавантолгой түлш” компанийнхан өдөрт дунджаар 10 тонн шахмал түлш манайд буулгадаг. Түүнийг нь бид багадаа нэг, ихдээ найман цагийн дотор борлуулчихдаг. Зарим иргэн түлшгүй хоцорсондоо бухимдаж, хэл ам татлах нь бий. Шинэ үйлдвэртэй болсон учир энэ жил хомсдол үүсэхгүй гэсэн ч одоогоор эрэлт их, түлш хүрэлцээгүй хэвээрээ байна. Заримдаа 20 тн түлш авахад хэдхэн цагийн дотор дуусчихдаг” гэв.
“Тавантолгой түлш” компанийнхан нүүрс угаах, коксжуулах тус бүр нэг, нийт таван хэсэг бүхий үйлдвэрийг энэ онд барьж, ашиглалтад оруулна. Ингэснээр сайжруулсан түлшний хомсдол үүсэхгүй гэж мэдээлж байв. Гэвч бодит байдалд эсрэг дүр зураг харагдах аж. Засгийн газрын 62 дугаар буюу Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улаанбаатар хотын хэмжээнд хэрэглэж буй усан халаалттай 1774 зуухны дийлэнхийг цахилгаан болон хийн халаагууртай болгож, заримыг нь төвлөрсөн дулаанд холбосон. Харин үлдсэн 120 гаруй аж ахуйн нэгж сайжруулсан түлш хэрэглэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Тавантолгой түлш” компанийнхантай гэрээ байгуулсан юм. Утаагүй түлш хэрэглэх байгууллагын тоо ийнхүү нэмэгдсэн учир дээрх компанийнхан ч хүчин чадлаа сайжруулж, туршилт, судалгааны үйлдвэрийн нэг дамжлагыг өнгөрсөн долдугаар сард ашиглалтад оруулж, удаахыг нь түрүү сард нээв. Мөн түлшний борлуулалтын цэгийг 200-гаар нэмж, нийслэлийн хэмжээнд 1000 болгосон билээ. Борлуулах цэг болон хэрэглэгчийн тоо ийнхүү нэмэгдсэн ч бүтээгдэхүүний хүрэлцээ муу хэвээр байгааг Чингэлтэй дүүргийн XVIII хорооны сайжруулсан түлш борлуулах цэгийн ажилчид хэллээ. Тэд “Манай цэг ойр хавьдаа хамгийн томд тооцогдоно. Өдөрт багадаа 20, ихдээ 40-50 тн түлш борлуулдаг. Ямар ч хэмжээний түлш ирсэн 20.00 цаг гэхэд нэг ч шуудай үлддэггүй. Нэг айл зургаан шуудай түлш хэрэглэх журмаас болж зарим иргэн уурлаж, унтууцах нь энүүхэнд. Түлш хүрэлцээгүйн улмаас хүмүүс ам мурийж, гар зөрүүлсэн удаа ч бий. Зарим нь биднийг нэг айлд зургаагаас илүүг өгсөн гэж харддаг. Хүйтний эрч нэмэгдэхээр үүнээс ч дор юм болно” гэв.
“Тавантолгой түлш” компанийнхан сүүлийн үйлдвэрээ ирэх сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан тав, түрээсийн 35, хангамжийн 30 бааз, тус компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тн сайжруулсан түлш нөөцөлсөн гэж мэдээлж байгаа. Үүнээс гадна Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн хороодод тус бүр 1000 тоннын багтаамжтай таван агуулах барьж, ашиглалтад оруулсан. Дээрх агуулахад түлш бий, эсэх, яагаад хүрэлцдэггүйг дээрх компанийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатараас тодруулахад “Сайжруулсан түлш борлуулах цэгүүдэд хомсдол үүсээгүй. Шахмал түлшийг түүхий нүүрсний адил уурхайн амнаас гарсан даруйд нь хэрэглэгчдэд хүргэх боломжгүй. Үйлдвэрийн аргаар боловсруулж, тодорхой шат, дамжлагатайгаар иргэдэд хүргэдэг учир багагүй цаг зарцуулдаг. Борлуулалтын цэгийн түлш дуусаж, дараагийн хүргэлт очтол иргэд тайван, хүлээцтэй хандах хэрэгтэй. Бид аль болох шуурхай түгээхийг зорьдог. Хэрэв ирэх сарын 1 гэхэд шинэ үйлдвэрээ 100 хувь ашиглалтад оруулчихвал иргэдэд нүүрс олгох квотыг нэмэх талаар судална. Хоёр үйлдвэр зэрэг ажилласнаар 1.2 сая тн түлш үйлдвэрлэх боломжтой. Ашиглалтад орсон туршилт, судалгааны төвд үйлдвэрлэж буй сайжруулсан түлшээ Баянзүрх дүүргийн иргэдэд нийлүүлж байна. Одоогоор гал алдсан, хэрэглэгчид огт түлшгүй болсон тохиолдол гараагүй. Айл бүр их, бага хэмжээгээр сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Хүйтний эрч чангарч, түлш хүрэлцэхгүй болсон тохиолдолд эрсдэлийн үед ашиглах нөөцөө худалдаанд гаргана” гэв.
Бидний очсон дийлэнх цэгт түлшний эрэлт их, нийлүүлэлт бага байсан бол Баянзүрх дүүргийн II хорооны борлуулах цэгийн ажилтан өөр зүйл ярилаа. Тэрбээр “Дөрөв хоногийн өмнөөс сайжруулсан түлш борлуулж эхэлсэн. Одоогоор хомсдол үүсээгүй. Зарим тохиолдолд борлуулж чадахгүй хонох үе ч бий. 5-10 тн буюу хамгийн бага хэмжээгээр түлш борлуулдаг цэгүүдийн нэг нь манайх. Гэсэн ч худалдан авах хүн цөөн, хомсдолгүй байна” гэлээ. Харин тэндээс хоёр км хүрэхгүй зайд, Сүхбаатар дүүргийн XVI хороонд нөхцөл байдал эсрэгээрээ угтав. Түлш авахаар зогсож буй иргэдийн урт дараалал борлуулалтын цэгийн хоёр ажилтанд “амьсгаа авах” чөлөө үл олгох аж. Иргэд ийн дараалал үүсгэхдээ хоорондоо маргалдахаас гадна картгүй үйлчлүүлэхээр завддаг гэнэ. Тус цэгийн ажилчин “Сайжруулсан түлш авахдаа “Сайн” картаа ашигладаггүй иргэн цөөнгүй. Шинээр нүүж ирсэн, эсвэл гээгдүүлсэн гэсэн шалтаг тоочин, шалаад зогсчихдог. Хахир хүйтнээр түлшгүй гэрт хонуулалтай биш гээд 1-2 шуудайг өгдөг юм. Энэ тохиолдолд зарим иргэн барьцаж, маргаан үүсгэдэг. Хэдийгээр түлш хүрэлцээгүй, нөхцөл хангасан нэгэнд нь худалдах ёстой ч энэ мэтчилэн шаардлагатай тохиолдолд өгөхөөс аргагүй” хэмээв. Сайжруулсан түлш авахаар дугаарлаж буй иргэн “Нэг айл долоо хоногт зургаа биш, 15 шуудай шахмал түлш хэрэглэж байж өвлийг давна. Өнөө жил хүйтний эрч эрт чангарч байгаа. Энэ байдал цаашид үргэлжилбэл иргэдэд багагүй хүндрэл учруулах нь. Хоёр үйлдвэртэй болсон учир нэг өрхөд багадаа 10 шуудай сайжруулсан түлш хуваарилах хэрэгтэй” гэлээ. Дээрх хороонд байрлах шахмал түлш борлуулах өөр нэг цэгийнхэн “Түлшний нөөц багасахаар нэг айлд 2-3 шуудайг өгдөг. Айл бүрт зургаан шуудайг өгвөл зарим нь хүйтэн гэрт хонох эрсдэлтэй. Түлш нь дуусахаар хашааныхаа банзыг түлдэг тохиолдол ч бий шүү дээ. Иргэд үүнийг ойлгож, дараагийн айлдаа боломж олгодог юм. Борлуулалтын цэгийн ажилчид энэ мэтээр зохицуулалт хийхгүй бол 10-20 тн сайжруулсан түлшийг хорооныхоо бүх өрхөд хүргэнэ гэдэг боломжгүй. Зарим тохиолдолд үүнээс ч бага буюу таван тн түлш айлуудад хуваарилах үе гардаг” хэмээв.
Өнгөрсөн жил Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувиар буурсан гэх эерэг үзүүлэлт, сайхан мэдээг албаныхан танилцуулж, өнөө жил амжилтаа ахиулан 80 хувьд хүргэх зорилт тавиад буй. Агаарын бохирдлыг бууруулж, утааг багасгана гэдэг нийслэлчүүдийн “мөрөөдөл” гэхэд хилсдэхгүй. Гэхдээ иргэдээ хүйтэнд хөрч, хөлдүү гэр өвөлжүүлэхгүйн тулд юун түрүүнд түлшний нөөц, хүрэлцээг сайжруулахад анхаарах хэрэгтэй болов уу.
Сайжруулсан түлшний хүртээмжтэй холбоотой зарим иргэний байр суурийг хуваалцлаа.
Ш.БАЯРБОЛД (Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн)
-Манайх зургаан шуудай сайжруулсан түлшийг дөрөв хоног хэрэглэдэг. Гэр хороололд оршин суух бүртгэлтэй ч тэндээ амьдардаггүй зарим иргэн гэрийн хаяг дээрээ сайжруулсан түлш худалдаж авдаг юм билээ. Түлш дууссан тохиолдолд тэднээс худалдаж авдаг. Огт олдохгүй тохиолдол ч бий. Энэ үед мод, хаягдал цаас түлэхээс аргагүй.
Б.УЯНГА (Сүхбаатар дүүргийн XX хорооны иргэн)
-Огцом хүйтрэхээр түлш хомсдоод олддоггүй. Хотын зах, Сэлбийн ойр орчимд борлуулалтын цэг цөөн. Хомсдол үүссэн үед хотын төвийн дүүргүүдийн сайжруулсан түлш борлуулах цэгийг зорьдог. Хол газраас долоо хоног бүр түлш тээвэрлэнэ гэдэг амаргүй.
О.ПҮРЭВСҮРЭН (Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн)
-Дулаан үед долоо хоногт 5-6 шуудай шахмал түлш хэрэглэдэг. Өнгөрсөн жил хөршийнхөө сайжруулсан түлш авах эрхийг ашиглан 7-8 шуудайг авдаг байв. Манай гэрийн ойр орчимд борлуулалтын хоёр цэг бий ч түлш нь ирсэн даруйдаа дуусчихдаг. Багадаа 30-50 минут дугаарлаж байж 3-4 шуудайг авч байсан.
Б.БАТБАЯР (Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо)
-Манайх гэрт амьдардаг учир долоо хоногт дөрвөн шуудай шахмал түлш хэрэглэж байгаа. Зай талбай том, хашаа, байшинд амьдардаг айлууд 6-10 шуудайг хэрэглэдэг гэсэн. Ид хүйтний үед зургаан шуудайг арай хийж л хүргэдэг.