Палеонтологичид оviraptorosauria буюу махчин үлэг гүрвэлийн нэгэн шинэ төрөл зүйлийг нээжээ. 2006 онд хуулийн байгууллагынхан тонуулчдаас хураасан олдворыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хүлээлгэж өгсөн байна. Эл олдворыг тус хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар болон доктор Ц.Чинзориг нар өөр улсын гурван эрдэмтэнтэй хамтран судалсан аж. Тэд судалгааны дүнг олон улсын “Royal society open science” сэтгүүлд энэ сард нийтлүүлсэн байна. Монгол, Хятад, Умард Америкийн нутгаас олддог oviraptarosauria бүлгийн махчин үлэг гүрвэлийн шинэ зүйлийг Oksoko avarsan гэж нэрлэжээ. Олдворт гавлын яс гурав байсан учир төрлийг Алтайн домогт гардаг Oksoko гэх гурван толгойтой бүргэдийн нэрээр, тонуулчдаас “аварсан” болохоор зүйлийг av-arsan хэмээн нэрлэжээ. Oksoko аvarsan үлэг гүрвэлийн биеийн урт 1-2 метр бөгөөд 68 сая жилийн өмнө амьдарч байсан. Мөн өдтэй, шүдгүй, махан идэштэн байсныг судлаачид тогтоожээ. Доктор Х.Цогтбаатар “Бид эл судалгааг өнгөрсөн жил дуусгаж, энэ жил дээрх сэтгүүлд нийтэлсэн. Oviraptorosauria буюу махчин үлэг гүрвэлийн анхны олдвор манай орноос 100 гаруй жилийн өмнө олдож байсан. Махан идэшт эл амьтны 10 төрлийг зөвхөн Монголын нутгаас олж, нээсэн билээ. Энэ төрлийн үлэг гүрвэлийн урд сарвуу нь гурван хуруутай байдаг. Харин шинээр нээсэн зүйлийнх хоёр хуруутай бөгөөд энэ нь хувьсал хөгжлийн хамгийн дэвшилтэт шинжийг хадгалсан төрөл зүйл болж байгаа юм. Палеонтологийн олдворыг боловсруулах буюу зөвхөн хадгалагдсан чулуулгаас нь цэвэрлэхэд 3-4 жил зарцуулдаг. Үүний дараа нас, хүйс, биеийн хэмжээ зэргийг тогтооно. Хаанаас олсон нь тодорхойгүй, хууль бус аргаар цуглуулсан олдворыг судлахад урт хугацаа шаарддаг. Бид Oksoko аvarsan үлэг гүрвэлийг Бүгийн цав, Гурилын цав зэрэг Алтан уулын ар хөндий дэх олдворт газраас олсныг тогтоосон. Тонуулчид олдворын зарим хэсгийг эвддэг нь судалгаа сунжрахад багагүй нөлөө үзүүлдэг” гэж мэдээллээ.
Ташрамд дурдахад, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийнхэн энэ онд үлэг гүрвэлийн хоёр, эртний загасны нэг шинэ төрөл зүйлийг нээсэн. Мөн хурдасны нас тогтоох шинэ аргыг дэлхийн шинжлэх ухаанд албан ёсоор нэвтрүүлжээ. Дэлхийд 500 гаруй төрөл зүйлийн үлэг гүрвэлийг олж тогтоосон байдаг. Үүний 80-90 орчмыг Монголоос нээсэн байна. Олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд бүтээлээ нийтлэх нь судалгаагаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж буй том амжилт гэдгийг судлаачид онцоллоо.
Бэлтгэсэн: О.Алуунгуа