...Хөрөнгө оруулалтын хамтын сангийн эхлэл ийн тавигдаж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын сангийн бас нэг өөр хэлбэр юм. Олон хэлбэрийн хөрөнгө оруулалтын сан ажиллаад эхлэхээр засаж, залруулах зүйлийн хүрээ улам томорно гэж таамаглая...
УИХ-аас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд баталсан. Эл хууль Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч “төрүүлэх”, тэдгээрийн хөгжлийг зохицуулах эрх зүйн баримт бичиг байв. Хууль баталснаас хойш Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 23 компани авчээ. Гэтэл дорвитой үйл ажиллагаа явуулсан уу гэвэл үгүй. Хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлж, олон компани тусгай зөвшөөрөл эзэмших болсон ч тэдний хөрөнгө оруулсан түүх цөөн.
Өмнөд солонгосчуудын Монголд байгуулсан “Райнос эссет менежмент Монгол” компани өнгөрсөн оны гуравдугаар сард хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Дараахан нь “ЛэндМН ББСБ”-ын толгой компани “Анд системс”-ийн хаалттай хүрээнд гаргасан 10 тэрбум төгрөгийн бондыг худалдан авсан юм. Менежментийн компани доороо сан байгуулж, хөрөнгө оруулах хуультай. “Райнос эссет менежмент Монгол” ч хуулийг дагах нь мэдээж. Тэднийх “Райнос Монгол тогтмол орлогын сан” байгуулсан. Уг хаалттай хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулж “Анд системс”-ийн бондыг худалдаж авсан хэрэг. Өмнөд Солонгосын “Райнос” компани нь угаас бондын зах зээлээр мэргэшсэн хөрөнгө оруулагч гэнэ лээ.
Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 23 компаниас хөрөнгө оруулалтын сан нь үнэт цаас анх удаа худалдан авсан тохиолдол энэ. Өөрөөр хэлбэл, эрх зүйн зохицуулалтыг нь бүрдүүлснээс зургаан жилийн дараа мэргэжлийн хөрөнгө оруулагч Монголд “мэндэлсэн” гэсэн үг. Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бусад компани ямар үйл ажиллагаа эрхэлж буй нь тодорхойгүй байдаг. Цөөн нь сан байгуулан, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд ярих нь бий. Гэхдээ мэдээлэл нь нийтэд ил болоогүй. “Голомт ассет менежмент” компани 2015 онд байгуулагдсан. Тухайн үед тус компанийн удирдлага хэвлэл мэдээллийнхэнд 600 тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрүүлсэн сан байгуулахаар ажиллаж буйгаа гэж ярьж байв. Тэднийхэн гадаадаас хөрөнгө оруулалт татна гэж дурдаж байлаа. Хөрөнгө оруулагч олдоогүй учраас “Голомт ассет менежмент” идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй биз. “Райнос” манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсноор эрх зүйн зохицуулалтын “но” ил болов.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 7.1-т “Хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхтэй тусгай зориулалтын компани байна”, 7.2-т “Хөрөнгө оруулалтын сан нь түүний гишүүн хуулийн этгээдийн өмчлөл дэх сангийн нэгж эрхийн хувь, хэмжээнээс үл хамаарч тухайн гишүүн хуулийн этгээдээс хараат бус байх бөгөөд Компанийн тухай хуульд заасан охин болон хараат компани, толгой компанийн хоорондын эрх, үүрэг, хариуцлага хүлээхгүй” гэж заасан байдаг. Сан нь хуулийн этгээдийн эрхтэй тусгай зориулалтын компани байна гэдэг заалтыг сайтар анхаараарай. Гэтэл манай Компанийн тухай хуульд хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат, хаалттай хувьцаат гэсэн гурван хэлбэрээр компани байгуулах заалт бий. Тусгай зориулалтын компанийг зохицуулах эрх зүйн орчин байхгүй. Тиймээс Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас санг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж үзнэ гэдэг. Ингэхээр хөрөнгө оруулалтын санг Үнэт цаасны болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай биш, компанийн хуулиар зохицуулах нөхцөл үүсэж буй гэнэ. Хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад зуучлалын үйл ажиллагаа үзүүлэх зорилготой байдаг. Тиймээс компанитай адилтгаж үзэх үндэсг үй.
Ийм учраас тусгайлсан хууль баталж, зохицуулж байгаа хэрэг. Компанийн тухай хуульд тусгай зориулалтын компани байгуулах эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгөх хэрэгтэй юм байна. Үгүй бол хөрөнгө оруулалтын сан идэвхтэй үйл ажиллагаа явуулахад хуулийн зохицуулалт тээг болох нь. Манайд хөрөнгө оруулалтын нэг санг нэг менежер удирдана гэсэн зохицуулалт үйлчилж буй. Уг зохицуулалт шинээр үүсэн байгуулагдаж буй хөрөнгө оруулалтын сангуудын удирдлагад таалагддаггүй. Менежментийн компанийн удирдлагууд нэг менежерээр нэлээд хэдэн сан удирдуулах сонирхолтой байдаг. Гэтэл манайд ингээд журамлачихаж. “Райнос эссет менежмент Монгол” компани сан байгуулж, таван жилийн хугацаатай бонд худалдан авлаа гэж бодъё. Гэтэл хэсэг хугацааны дараа дахиад сан байгуулж, бонд худалдаж авах болоход өөр менежер ажиллуулах хэрэгтэй болох нь. Тэднийх 20 сан байгуулж, 20 бонд худалдаж авбал төдий тооны менежер ажиллуулах юм байна. Манайх шиг жижиг зах зээлтэй улсад нэг санг нэг менежерээр удирдуулах нь оновчтой шийдэл мөн үү. Ямартаа ч дэлхийн жишгээс зөрс өн, хэт цамаан шийдэл гэдэг нь тодорхой. Хөр өнгийн зах зээл өндөр хөгжсөн оронд нэг менежер дунджаар хөрөнгө оруулалтын 20 сан удирддаг гэсэн судалгаа байдаг. “Амьдрал баян” гэж үг бий. Долоон жилийн өмнө баталсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг амьдралд нэг удаа хэрэгжүүлэхэд дээрх “дутагдал” гарчээ.
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил удаан ч гэсэн урагшилж байгаа. Хөрөнгө оруулалтын сан хэмээх мэргэжлийн институт хөгжих нь гарцаагүй. Цаашид хөрөнгө оруулалтын олон сан байгуулагдах биз. Сангууд зах зээлд идэвхтэй ажиллаж эхэлбэл эрх зүйн зохицуулалтын алдаа, оноо бодит амьдралд илэрнэ. Тэр хэрээр хөгжлийг нь хурдасгах зохицуулалт хийж чадах билээ. Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 онд тусгай зөвшөөрөл авсан “Ард менежмент” компани энэ өдрүүдэд Монголын анхны хамтын санг байгуулахаар ажиллаж байна. Тэд “Үндэсний хувьчлалын сан”-гийнхаа нэгж эрхийг хөрөнгө оруулагчдад өнгөрсөн долоо хоногтоо худалдаж эхэлсэн. Одоогоор хоёр тэрбум төгрөгийн захиалгыг нь Монголын хөрөнгийн бирж баталгаажуулжээ. Мөн тус сангийн нэгж эрхийг гурван тэрбум төгрөгөөр худалдаж авах сонирхлоо хөрөнгө оруулагчид илэрхийлээд байгаа гэнэ. Тэд худалдаж авах захиалгаа өгөөд, нөгөөхийг нь Монголын хөрөнгийн бирж баталгаажуулчихвал хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн эзэн болно гэсэн үг. Тус сан таван тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр нэгж эрхээ хөрөнгө оруулагчдад худалдаж буй. Хүссэн хэмжээний санхүүжилтийг цуглуулж чадах юм байна гэж “Ард менежмент” компанийн төлөөлөл дүгнэж байна. Хөрөнгө оруулалтын хамтын сангийн эхлэл ийн тавигдаж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын сангийн бас нэг өөр хэлбэр юм. Олон хэлбэрийн хөрөнгө оруулалтын сан ажиллаад эхлэхээр засаж, залруулах зүйлийн хүрээ улам томорно гэж таамаглая. Одоогоор хөрөнгө оруулалтын менежментийн компаниудад эрх зүйн орчин нь дэгээ тавьчихсан байгааг дээр дурдсан хуулийн заалтууд харуулж байгаа биз.