“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ сарын 5-ны даваа гаргаас эхлэн хэлэлцсэн уг шүүх хурал өнгөрсөн баасан гаргийн үдэш болтол хуралдаад түр завсарласан юм.
Ш.Батхүүгийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон бөгөөд 109 сая ам.долларынхоо дийлэнхийг “Монгол газар” ХХК-иас “Олон овоот гоулд”-даа алтны уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, уг ордод үйл ажиллагаа явуулахад зарцуулсан байдаг. Хууль сахиулах байгууллагынхан дээрх хүмүүст холбогдох хэргийг олон жил шалгахдаа 98 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн юм. Түүнээс 2013 оны арваннэгдүгээр сард битүүмжилсэн, “Олон овоот гоулд” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын долоон тусгай зөвшөөрлийг нь прокурорын байгууллагынхан төр, нийтийн эрх ашгийг хамгаалах хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу цуцлуулж, төрд буцаан авах шийдвэр гаргуулаад байна. Харин дээрх хүмүүсийн гэм буруутай, эсэхийг тогтоолгосны дараа дээрх уул уурхайн компанийнх нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авна гэдгийг эх сурвалжууд батлав.
Бэлтгэсэн: Г.Равжаа