Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургууль энэ сарын 5-нд эхлээд дөрөв хонож байтал харамсалтай явдал болж, цэргийн хоёр алба хаагч шархаджээ. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор энэ сургуулилалтыг өөрсдийнхөө нутаг дэвсгэрт зохион байгуулж буй бөгөөд манай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн анги, байгууллагынхан 016 дугаар нэгтгэлийн сургалтын бааз, зэвсэглэл, техникийг түшиглэн Төв аймгийн нутагт хийж буй. Энэ үеэр миномётоор буудах дадлага хийж байсан хоёр алба хаагч дэлбэрэлтэд өртсөн байна. Энэ талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Б.Баатар “Мина гацаж дэлбэрснээс хоёр алба хаагч шархадсан нь үнэн. Тэдэнд яаралтай тусламж үзүүлж, Төв аймгийн болон ГССҮТ рүү хүргэж эмчилгээ, мэс засал хийсэн. Биеийн байдал нь тогтвортой байгаа. Байлдааны галт зэвсэгтэй ажиллаж байсан учраас ийм явдал боллоо. Цагдаа, манай хяналт шалгалтын албаныхан тухайн газарт очиж нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна” гэсэн тайлбар хэвлэлийнхэнд өгсөн юм.
Уг нь “Сэлэнгэ-2020” сургуулилалтын хаалтын үеэр төрийн түшээд очиж байлдааны буудлагатай танилцахаар төлөвлөж байсан ч эл явдлаас болж цуцалж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирэв. Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр нэг албан хаагч амь үрэгдсэн байж болзошгүй гэнэ.