Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ЕБС-ийн сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш өглөө. Тэрбээр "2021 оноос үдийн цай нь үдийн хоол болж хэрэгжинэ. Гэтэл зарим зөрчил арилахгүй байна.
Шалгалтаар нийслэлийн ЕБС-ийн 42,7 хувь нь, төрийн өмчийн сургуулийн 62 хувь нь зориулалтын бус цайны газартай байна. Тухайлбал, хүнсний тухай хуульд МХЕГ-аас дүгнэлт гаргуулсныхаа дараа үйл ажиллагаагаа явуулах ёстой ч ЧД-ийн 39, 50, 117, 138, 140, 150 БЗД-ийн 126, 87, 137, БГД-ийн 71, Үй цай, Жишиг-Эрдэм гэх төрийн болон төрийн бус сургуулиуд дүгнэлт гаргуулахгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчилтэй байна.
Мөн үдийн цайг үдийн цайг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл 37,9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байна. Нийт сургуулийн 31,6 хувь нь хүнс хадгалах нөхцөл хангалтгүй, хүнсний агуулахгүй, хөргүүр хөргөгчний дутагдалтай байна. Түүнчлэн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг, гарал үүсэл, гэрчилгээ, гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй, бэлтгэн нийлүүлэгчтэй бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчил 50 хувьд нь илэрсэн" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хяналт шалгалтын хүрээнд нийтдээ хувийн болон төрийн өмчийн 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид хамрагдсан байна. Мөн хоолноос 450 арчдас, уснаас 75, хүсний бүтээгдэхүүнээс 30-ыг авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан" хэмээн мэдээлэв.