Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ айл багийн Бөхөн уул гэх газарт байрлах “Нүхт” ХХК-ийн мал нядалгааны газрын нам даралтын зуух уржигдар дэлбэрч, хоёр хүн амиа алджээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиход тус компанийн ажилтан, Өлгий сумын харьяат иргэн А-гийн хоёр гар, нүүр түлэгдсэн байсныг Нэгдсэн эмнэлэгтээ хүргэсэн гэнэ. Харин 65 настай К, С нар нас баржээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрынханаас тодруулахад “Гэмтсэн иргэн 40 хувийн түлэгдэлтэй. Нас барсан нэг хүн нь тус компанид галчаар ажилладаг байсан. Нам даралтын зуух дэлбэрсэн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна” гэв.