-Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр сонсгосон нотлох баримт алга болжээ-
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт холбогдох, мөнгө угаасан, бусдаас хахууль авсан хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болголоо. Шүүхийн эл шийдвэрт олон хүн эгдүүцэж байна. Учир нь орон нутгийн төсвийг бүрдүүлэгч, зарим шагнал урамшууллыг ч дээрх компаниас гаргуулах явдал байдаг болохоор удирдах албан тушаалтных нь холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болголоо. Ийм шийдвэр гаргахад нь бас улстөрчид, төрийн албан тушаалтнууд ч нөлөөлсөн байх магадлалтай хэмээн хардаж буйгаа илэрхийлсэн юм. Цагаан захтнуудын хэргийг шийдвэрлэдэг дагнасан шүүх байгуулахгүй бол иймэрхүү байдлаар хэргийг нь хэрэгсэхгүй болгох, замхрах магадлал нэн өндөр. Шүүхийн тухай хуулийг шинэчлэхээр ярьж буй өнөө үед авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулахыг хөндөх ёстой болов уу. Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд дагнасан шүүх байгуулж болохоор заасан учраас эх хуулиа удирдлага болговол авлигатай хийх тэмцэлд үр дүнтэй санагдана. Үүнийг хэд хэдэн баримтыг эш татан илэрхийлэхийг зорьсны нэг нь дээр өгүүлсэн “Тавантолгой” ХК-ийн албан тушаалтанд холбогдох хэрэг.
Г.Шүрэнхишигийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2019 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийн 17.4-2.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө завшсан, 18.6-1 дэх хэсэг зааснаар өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийж мөнгө угаасан гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ. Харин НПГ-аас түүнийг “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны нэгдүгээр сард “Номин даатгал” ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний дагуу 53.7 сая төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Номин даатгал” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Н.Алтанцэцэгээс 2.4 сая төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Ханбогд сум дахь шүүхэд шилжүүлсэн аж. Тус шүүх хэргийг энэ сарын 2-нд хэлэлцээд Г.Шүрэнхишиг, Н.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Өөр нэг баримт нь Ховд аймгийн удирдлагатай холбоотой хэргүүд. Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан тэргүүтэй долоон хүнд холбогдох хэргийг 2017 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Ховд аймгийн шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч хэргийг хэлэлцэхгүй удсаны эцэст өнгөрсөн хавар шүүх хурал хийж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Энэ шүүх хурлын үеэр нотлох баримтаар шинжлүүлсэн, шүүхийн албан тушаалтнуудын утасны ярианы бичлэг бүхий флаш диск алга болж, олдохгүй байгаа тухай мэдээлэл ч бий.
Мөн л тус аймгийн шүүхийнхэн Ховд аймгийн Жаргалант сум буюу аймгийн төвийнхөө Засаг дарга Ц.Ганданповронд холбогдох, усалгааны машин авах тендер зарлаад оронд нь хамаарал бүхий хүнийхээ аж ахуйн нэгжээс 29.8 сая төгрөгөөр бохир соруулдгийг авч, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон хэргийг шийдэхгүй өдий хүрч байна. Бас тус аймгийн Засаг дарга асан, өдгөө ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөхөөр томилогдон харьд суугаа Д.Галсандондогт холбогдох хэргийг шийдэхгүй өдий хүрсэн билээ. Тэрбээр албан тушаалаа ашиглаж, бусдаас хахуульд 8.5 сая төгрөг, жийп автомашин авсан хэрэгт холбогдож, хэргийг нь Ховд аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрөв. Энэ мэтээр тоочоод байвал цагаан захтнуудын өдүүлсэн албан тушаалын хэргийг шийдэж чадахгүй он удаан жил болж байгаа баримт бишгүй. Тиймээс авлигын хэргийг шийддэг дагнасан шүүхтэй болъё гэсэн санааг дахин дэвшүүлж байгаа юм. Авлигын гэмт хэргийг дагнасан прокурор, шүүхээр шийдвэрлүүлэх нь авлигатай амжилттай тэмцэх чухал шийдлийн нэг.
Индонез, Филиппин, Тайланд, Пакистан, Малайз, Украин зэрэг хүн ам олонтой орон авлигын эсрэг дагнасан шүүх байгуулан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх оролдлого хийж байна. Хүн ам цөөнтэй, сайн яривал хоорондоо төрөл садан, хамаатан, хамааралтай болчих гээд байдаг манай улсын хувьд авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан прокурор, шүүх байгуулах нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой ач холбогдолтой. Олон жил нэг аймаг, сумд ажилласан танил хүмүүс урьдын тогтоосон харилцаагаараа шүүгчид нөлөөлөхөд илүү хялбар, нөгөө талаас шүүгч танилууддаа, магадгүй найз нартаа ял шийтгэл ногдуулна гэдэг хүн ёсны хувьд хэцүү байх нь мэдээж.
Бэлтгэсэн: Г.Равжаа