31 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг газрын биржийн цахим системээр (www.mle.mn) энэ сарын 21-нд дахин зохион байгуулах нь. Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, орон сууцын зориулалттай нийт 32.15 га газрыг дуудлагаар худалдахаар төлөвлөсөн бөгөөд анхны үнэ нь 2.02 тэрбум төгрөг аж. Багахангайд тус бүр 1.5 га талбайтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрыг худалдахаар дуудах анхны үнэ 9.4 сая төгрөг байгаа нь хамгийн багад тооцогдож буй. Харин Хан-Уул дүүрэг дэх шатахуун түгээх станцын зориулалттай 0.75 га газрыг худалдахаар дуудах анхны үнэ 331 сая төгрөг нь хамгийн өндөрт тооцогдох юм.
Иргэд, хуулийн этгээд интернэтэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмж ашиглан оролцох боломжтой бөгөөд дээрх цахим системд бүртгүүлж, дэнчин, хураамж төлсөн баримтаа хавсаргах шаардлагатайг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба мэдээлэв. Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн, оролцож болох аж. Дуудлага худалдааны үнийн саналыг ирэх 21-ний 15.00 цаг хүртэл энгийн горимоор авч, үүний дараа 60 секундийн хүлээлтийн горимд шилжих гэнэ. Хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлэхгүй бол хамгийн өндөр дүн хэлсэн оролцогчийг ялагчаар тодруулах юм байна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл санал бүрээс хойш дахин 60 секунд сунгах зарчмаар 17.00 цаг хүртэл авах нь. Дуудлага худалдаанд оролцох бол бүртгүүлэх хүсэлтээ ирэх 14-20-нд www.mle.mn-д илгээн баталгаажуулах ёстой аж.
Бэлтгэсэн: Ц.Ундрал