Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн ням гарагт Их тэнгэрт үнэт цаасны компаниудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр “Дархан арьс, ширний цогцолбор” компанийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 20-30 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд гаргах судалгаа хийх хүсэлт тавьсныг эх сурвалж дуулгав. Мөн брокер дилерийн компаниуд “Дархан арьс, ширний цогцолбор”-ыг хувьцаа гаргаж санхүүжүүлэх боломжийг судлах гэнэ. Арьс, шир боловсруулах цогцолборын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхэн 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэх албан бус мэдээ бий. Гэсэн ч санхүүжилтийн дутагдалд орсон бололтой. Жилд 10 мянган ширхэг арьс, шир боловсруулах, мөн дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай уг цогцолборын хувьцааг цаашид малчдад эзэмшүүлэх стратеги баримталж байгаа аж. Уг цогцолборыг байгуулснаар жилд нэг тэрбум ам.долларын экспорт хийнэ гэж тооцоолж буй юм билээ.