2020 оны аравдугаар сарын 5. Гачууртын эцэст гурван автобус цувран зогсжээ. Эхний автобус эргэж, зорчигчдоо суулгав. “Яасан уддаг юм бэ. Хурдан явж болдоггүй юм уу” гэж хөгшчүүл жолоочийг загнана. “Замын түгжрэлээс болоод автобуснууд нэг талдаа гарчихсан байна шүү дээ” гэж жолооч учирлах. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол бухимдал, түгжрэл дунд ажилладаг жолооч нарын эрүүл мэнд, ажлын байрны аюулгүй байдал, ая тух хөсөр хаягдаад удлаа. Гачууртын эцсийн зогсоолд гэхэд л жолооч нарын амрах байр байтугай бие засах ч газар үгүй. Гэгээн цагаан өдрөөр ч жолооч нар айлын хашаа руу бие засахаас өөр аргагүй аж.
“Эмсид” компанийн, Гачуурт-Жуковын музей чиглэлийн автобусны жолооч Б.Цамбахорлоо эл ажилд ороод зургаан сар болж байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь жуулчны баазад ажилладаг байжээ. 05.00 цагт гэрээсээ гарсан тэрбээр 24.00 цаг өнгөрөөгөөд ажлаасаа буудаг аж. Дээрх чиглэлд нийт 33 зогсоол байдаг гэнэ. Энэ чиглэлд нэг автобус өдөрт 10 удаа явах ёстой аж. Гэтэл замын түгжрэлээс шалтгаалаад өдөрт найман удаа л эргэлт хийх болжээ. Өглөө гурван удаа эргэлт хийгээд цайндаа ордог аж. Цайны цаг нь ердөө 20 минут. Түгжрэл ихтэй үед цайгаа ч ууж амждаггүй гэнэ. Тэрбээр “06.30 цагт эхний автобус үйлчилгээнд гарах эрхээ авдаг. Би одоо хоёр дахь эргэлтдээ л (10.40 цаг) явж байна. Өдөрт хэдэн удаа зорчих, нэг эргэлтийг ямар хугацаанд туулах нормыг байгууллагаас тогтоосон. Гачууртаас Жуковын музей хүртэл нэг талдаа 45 минут явах ёстой. Гэвч замын түгжрэлээс болоод үүнээс хавьгүй их хугацаа туулдаг. Бас эцсийн зогсоолд карт уншуулах төхөөрөмж гацах тохиолдол цөөнгүй. Төхөөрөмж асахгүй бол хөдөлгөөнөө эхлүүлж чадахгүй шүү дээ. Заримдаа “Улаанбаатар смарт карт” компанийнхан дуудлагаар ирж төхөөрөмжийг засдаг. Байгууллагаас баталсан цагийн хуваарийн дагуу шуурхай зорчвол бидэнд ч ашигтай. Явах ёстой эргэлтийнхээ тоог гүйцээхгүй бол цалингаа бүтэн авч чадахгүй” хэмээн ярив. Түүний ажилд саад болохгүйн тулд дуу хураагуураа энгэрийн халаасанд нь хийчихээд цөөнгүй буудал газар ярилцсан юм. Энэ зуур “Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэхийг олонтоо сонсов. Зорчигчид санаа зовсон шинжгүй, цааш яваад өгчих юм. “Зарим нь картаа ер цэнэглэхгүй, байнга ингэж зорчдог хүн ч бий” хэмээн жолооч толгой сэгсрэв. Түгжрэлээс болж автобуснууд хэд хэдээрээ замынхаа нэг талд гацчихдаг байна. Гэтэл нөгөө талд нь иргэд автобусаа харуулдсаар. Тэрбээр 900 000 төгрөгийн үндсэн цалинтай. Байгууллагаас нь баталсан нормын дагуу цагаа биелүүлж байж үндсэн цалингаа бүтэн авна. Унд хоолоо умартаж, бие засах ч эрхгүй хэдэн цаг замын түгжрэлд зогсож, зовсны эцэст л цалингийн бараа хардаг аж.
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу иргэд өдөрт найман цаг ажиллах ёстой. Харин автобусны жолооч нар 16-19 цаг ажилладаг юм байна. Хэдийгээр илүү цаг боддог ч ажиллах тухтай орчныг нь бүрдүүлээгүйгээс жолооч нар эрүүл мэндээрээ ноцтой хохирч буй. Наад зах нь өдөр бүр гадуур хооллож, 20-хон минутад амжиж унд уух гэж хоолоо зажлахгүй залгидаг тухайгаа тэд ярьсан. Заримдаа цай уух ч зав гарахгүй, замын түгжрэл дунд царцсан хоолоор өл залгуудаг гэнэ. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн I, II, III баазын жолооч нар өглөө, орой гэсэн хоёр ээлжээр ажилладаг бол хувийн хэвшлийнхэн бүхэл өдөржингөө жолооны ард суудаг байна. Б.Цамбахорлоо бүтэн өдөржин жолоо мушгиад, дараагийн өдөр нь амардаг аж. Бэлтгэл дөрвөн жолооч бааз дээр нь өнждөг бөгөөд хэн нэгнийх нь ар гэрт асуудал гарвал яаралтай арга хэмжээ авч, үйлчилгээг цалгардуулахгүй байх үүрэгтэй гэнэ.
Автобус хүлээж бухимдсан иргэд замын түгжрэлийг жолооч үүсгэсэн мэтээр аашилж, загнаж, зандарч, түүгээр ч зогсохгүй нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт гомдол мэдүүлдэг нь жолооч нарт чирэгдэл учруулдаг аж. Гэсэн ч олон хүний амь тээж яваа учраас аль болох уурлахгүйг хичээж, тэвчдэг гэж Б.Цамбахорлоо ярив. Замын түгжрэлийн улмаас цагийн хуваарийн дагуу зорчих боломжгүйг мэдсээр байж жолооч нарыг л торгодог гэнэ. Гачуурт-Жуковын музей чиглэлд нэг талдаа 45 минут явах нормтой ч өдгөө нэг цаг гаруй хугацаа зарцуулж буй. Бороо, цас холилдон орж, тэг зогсолт хийсэн өдөр (өнгөрсөн сарын 30) дээрх чиглэлд гурван цаг, 30 минут явжээ.
Улиастайн эцсийн зогсоолд жолооч нарын амрах газар барьсан ч ашиглалтад оруулаагүй гэж тэрбээр хэлсэн. Харин нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Шархад, Улиастай, Баянхошуу, Дэнжийн мянга, Нисэх, Зайсангийн эцэст жолооч нарт зориулж, ариун цэврийн байгууламж, зоогийн газартай амрах байр барьсан. Улаанбаатар хотод өнөөдрийн (өчигдөр) байдлаар 98 чиглэлд 916 автобус үйлчилгээнд явуулж байна. Автобусны 931 зогсоол бий. Үүний 57 нь эцсийн зогсоол. Холбогдох стандарт, шаардлагын дагуу эцсийн зогсоолд жолооч нарын амрах, ундлах байр, ариун цэврийн байгууламж байх ёстой. Харин дундын зогсоолуудад зориулалтын сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулахыг шаарддаг. Гэвч манай газарт автобусны буудлуудыг тохижуулах хөрөнгө байхгүй” хэмээв. Францын “Жи Си деко” компанийнхан өөрийн хөрөнгөөр Улаанбаатар хотын автобусны зогсоолуудыг тохижуулж өгчээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Жи Си деко” зэрэг таван байгууллага хамтран хотын төвийн 220 гаруй зогсоолыг шилэн самбар, гэрэлтүүлэгтэй болгон тохижуулсан байна. Улаанбаатар хотод автобусны эцсийн 57 зогсоолыг амрах байртай болгох шаардлагатай. Үүнээс зургааг нь л тохижуулсан гэж албаны хүн нь ярьсан. Гэвч бодит байдалд тэдгээр амрах байранд ч асуудал бийг жолооч нар хэлнэ лээ. Тухайлбал, Баянхошууны автобусны буудлын эцсийн зогсоолын амрах байрны бие засах газар нь цоожтой, хүн орох ч боломжгүй байжээ. Эцсийн буудлын амрах байрны цэвэрлэгээ, арчилгааг Зорчигч тээврийн нэгтгэл хариуцаж ажиллах ёстой юм байна. Гэтэл зарим эцсийн зогсоолд ариун цэврийн байгууламж бүү хэл гэрэлтүүлэг ч байдаггүй. Энэ нь алслагдсан гэр хорооллын харанхуй гудамжинд автобус зогсох, эргэх зэрэг хөдөлгөөн хийхдээ осол гаргах эрсдэлийг ихэсгэдэг байна.
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас аль автобусны буудалд амрах байр хэрэгтэй байгааг судалж, тогтоожээ. Гэвч хөрөнгө, санхүүгийн боломжгүйгээс энэ нь цаасан дээр л үлдсэн байна. Жолооч нарт зориулж ариун цэврийн байгууламж барихаар асуудлыг шийдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд дээрх газрынхан удаа дараа хандсан ч шийдэлд хүрээгүй аж.
Хөдөлмөрийн тухай хууль зөрчин, үйл ажиллагаа явуулж буй өөр нэг компани нь “Тэнүүн-Огоо”. Тус компанийн жолооч Г.Мандах Улаанхуаран-III, IV хороолол чиглэлд үйлчилгээнд гарчээ. Тэрбээр 10 гаруй жил нийтийн тээврийн хэрэгсэл жолоодсон байна Эл чиглэлд өдөрт 12 удаа зорчих ёстой ч эргэлтээ гүйцээж чадахгүй байгаагаа тэрбээр учирласан. Нэг талдаа 40 минут явах ёстой ч хоёр цаг зарцуулах нь энүүхэнд гэнэ. “Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг зорчуулах ёстой. Гэтэл автомашинууд дүрэм зөрчиж, нэгдүгээр эгнээгээр явах болсон нь түгжрэлийг улам ихэсгэж байна. Нэг автобус ажлын өдөр долоо, амралтын өдөр 10 минутын зайтай үйлчилгээнд явахыг шаарддаг. Гэтэл замын түгжрэлээс шалтгаалж, бүх автобус нэг талдаа гарчихдаг юм. Үүнийг иргэд ойлгохгүй, жолооч руу дайрдаг. Би өглөө 05.30 цагт гэрээсээ гарсан. Цагийн хуваарийн дагуу бол гурав дахь эргэлтээ хийх ёстой байтал хоёр дахиа л гүйцээх гэж байна. Зүүн дөрвөн зам, Төв шуудангийн уулзварт хамгийн их түгжирдэг. Түгжрэлээс болж жолооч нар байнга л бухимдал, стресстэй ажиллаж байна” хэмээв. Тэрбээр хэдэн цаг түгжрэл дунд тэвчиж явсаар Улаанхуарангийн автобусны эцсийн буудалд л очоод бие засдаг гэнэ. Зориулалтын байр байхгүй тул цайны газрынхныг царайчилж, жорлонд нь орохоос өөр сонголтгүй аж.
Нийслэлчүүдийн олонхынх нь хөл дүүжлэх гол унаа нийтийн тээвэр. Нийслэлчүүд нийтийн тээвэр гэхээр шинэ автобус, парк шинэчлэл гэж ярьдгаас жолооч нарын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг хөнддөггүй. Тэд хэдий болтол айлын хашаа руу бие засах вэ.