“Усны төлбөр өндөр гарч байна, зөв бичихгүй байна” гэх гомдлыг сүүлийн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ихээр ирүүлэх болжээ. Гомдлын дагуу шалгахад ашиглалтын шаардлага хангахгүй, чанаргүй тоолуур суурилуулсан, заалтыг нь зөв бичээгүй, зарим конторын ажилтнууд хэмжил зүйн мэдлэггүй зэрэг цөөнгүй зөрчил илэрчээ. Үүний улмаас баталгаат хугацаа нь дууссан тоолуурын заалтыг бичсэн, халуун, хүйтэн усны тоолуурын заалтыг сольж тооцсон зэрэг зөрчил их гарчээ. Тиймээс иргэд усны тоолуурын улсын гэрчилгээ, лац, тэмдгийг шалгах, хугацаа нь дууссан, лац тасарсан бол баталгаажуулах, зөв бичсэн, эсэхийг нэхэмжлэх дээрх заалттай тулган шалгахыг дээрх байгууллагынхан анхааруулав. Усны төлбөр тооцоо хийхдээ тоолуурын таслалаас өмнөх заалтыг авч тооцдог аж. Таслалын өмнөх цифр хар, дараах нь улаан өнгөтэй байдаг гэнэ. Гэтэл үйлдвэрийн алдаанаас шалтгаалан “Arzamas” загварын тоолуурын таслалын дараах цифр нь хар өнгөтэй байсан ба үүнийг орон сууцын конторын ажилтан мэдэлгүй, нэг айлын усны төлбөрийг нь хэт өндрөөр бичсэн зөрчил илэрчээ. Тухайн айлд төлбөрийн зөрүү болох 168 900 төгрөгийг буцаан олгуулсан байна.