Манай улс өндөр уул, хангай, хээр, говийн бүс хосолсон бэлчээрийн 110.3, хадлангийн 1.7 сая га талбайтай. Энэ нь хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 97, нийт нутгийн 70 хувийг эзэлдэг. Үүний 52 сая га-г өвөл, хавар, 60 саяыг нь зун, намар ашигладаг гэх судалгаа бий. Дээрх үзүүлэлтийг 1964 оныхтой харьцуулбал бэлчээрийн талбай 10.1 сая га-гаар багассан дүн гэнэ. Хот, суурин тэлэхийн хэрээр бэлчээрийн талбай ийнхүү багасаж, малын тоо, хортон шавж олшрох болсноор доройтолд өртөөд буй. Тухайлбал, манай улсын нийт нутаг дэвсгэрийн 40 сая га талбайд үлийн цагаан оготно, таван саяд нь царцаа тархсан гэх судалгаа бий. Эдгээр нь ургамлыг сүйтгэж, бэлчээр доройтоход хүргэжээ.
Мэрэгч амьтдаас гадна бэлчээрийн доройтолд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь малын тоо. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 77 сая мал (хонин толгойд шилжүүлсэн дүнгээр) тоологдсон нь бэлчээрийн даац 40 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, 33 сая мал “илүүдсэн” гэсэн үг. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас бэлчээрийн доройтлыг багасгахын тулд мал сүргийн тоог 2029 он хүртэл жилд дунджаар хоёр хувиар бууруулах зорилт тавьжээ. Тоо толгойг ийнхүү бууруулснаар талхлагдсан бэлчээр сэргэж, чанартай мал сүрэг бий болно гэж үзсэн аж. Өдгөө Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймагт бэлчээрийн даац хэтрээгүй, бусад нутгийн багагүй газар доройтож, сүйдсэн байна. Тодруулбал, нийт бэлчээрийн 17 сая га талбай нь байгалийн унаган төрхөө алдаагүй, 40.5 нь бага, 21.1 нь дунд, 24.1 нь хүчтэй, 4.7 сая га нь маш хүчтэй доройтсон гэнэ. Ийнхүү доройтсон бэлчээрийг хамгаалахаар мал сүргийн тоог бууруулахдаа ХХААХҮЯ-ныхан хэд хэдэн бодлого баримтлах болжээ. Нийт сүрэгт эзлэх адууны тоог 0.8, хониныхыг 1.7, ямааг 1.9 хувиар бууруулж, үхрийг 0.5, тэмээг 0.3 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. Адуу, хонь, ямааны тоог бууруулж, ашиг шимийг нь сайжруулах зорилгоор үржил, селекцийн батлагдсан арга ашиглан чанартай мал, махан бүтээгдэхүүн бэлтгэнэ гэж дээрх зорилтдоо дурдсан байв. Харин үхрийг махны, сүүний, сүү-махны хосолсон хэлбэрээр, тэмээг ноос-махны, сүү-ноосны, спорт-уналга, эдэлгээний чиглэлээр үржүүлэхээр болжээ. Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ нийт малын 63.4 сая толгойг эзэмшиж буй 171.6 мянган малчин өрхтэй хамтран ажиллаж, тэдэнд сүргийн үүлдрийг сайжруулж, ашиг шимийг нь хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгч, мэдлэгтэй болгох шаардлагатай гэж үзжээ. Гэвч малын тоо толгойг бууруулахын тулд баримталж буй эдгээр бодлого нь малчдын санаанд нийцэхгүй байна.
Манай улс 2029 он хүртэл мал сүрэгт эзлэх адууны тоог 0.8, хониныхыг 1.7, ямааг 1.9 хувиар бууруулж, үхрийг 0.5, тэмээг 0.3 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. Үүнийг өнгөрсөн онд гаргасан малын тоотой харьцуулан хүргэе.
Бэлчээрийн доройтлыг бууруулах талаар зарим малчнаас сэтгэгдлийг нь сонслоо.
Ш.Бадамханд (Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын малчин)
-Манайд бэлчээрийн даац хэтэрч, малчид хоорондоо муудалцан, нэгнийхээ аминд хүрсэн удаа бий. Тиймээс бэлчээрийн маргаан үүсгэхгүйн тулд малын тоог бууруулахыг дэмждэг. Гэхдээ төрөөс энэ талаар хэрэгжүүлж буй бодлого нь малчдын эрх, ашгийг зөрчиж байна. Ченж нар туранхайг нь авахгүй гээд аль болох тарган малыг хямд үнээр авдаг. Тогтмол орлогогүй бид малаа худалдаж байж л гэр бүлээ тэжээнэ. Түүхий эд үнэ хүрэхээ больсон энэ үед орлогын эх үүсвэр болсон махаа хямд худалдах нь шударга бус. Үүлдэр угсааг нь сайжруулж, сүү, махны гарцыг нэмэгдүүлье гэхээр ийм төрлийн хонь, ямаа олдохгүй, байгаа хэд нь өндөр үнэтэй. Тиймээс шинэ үүлдэр, омгийн малын тоог өсгөх шаардлагатай. Улсаас үүлдэр сайтай хуц, ухна малчдад өгдөг ч ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны түвшин доогуур өрх байх ёстой гэх шалгуур тавьдаг.
Манай улсын нийт сүрэгт цэвэр үүлдрийн монгол мал 85.7-99.9, гадаад орноос авчран нутагшуулсан нь 0.001-0.002, эрлийз нь 0.04 хувийг эзэлдэг. Сүргийн ихэнх хувийг эзэлж буй монгол малыг чанаржуулахын тулд селекцийн шалгарсан арга хэрэглэж, өөр үүлдрийнхтэй үржилд оруулах шаардлагатай. Харамсалтай нь, манай улсад ийм төрлийн шалгарсан арга тийм ч их биш. Малчдад төвөг учруулахгүйгээр малын тоог бууруулах дорвитой төлөвлөгөө ч алга. Жил бүр хоёр хувиар бууруулж буй малын махыг дотооддоо хэрэглэх үү, эсвэл экспортлох уу гэдэг нь одоо ч бүрхэг хэвээр. Манай улс дотоодын хэрэгцээндээ жилд дунджаар 10-12 сая толгой малын мах хэрэглэдэг. Жил бүр есөн сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой ч 70.4 мянган тонн махан бүтээгдэхүүнийг Азербайжан, БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Испани, Казахстан, Катар, Киргиз, Малайз, Эмират, ОХУ, Хонконг, Узбекистан, Япон гэсэн 15 улс руу экспортолдог. Үүнээс үзвэл махаа экспортолж, малын тоог бууруулах, бэлчээрийн доройтлыг багасгах боломж бий нь харагдах биз. Харин бодит байдал дээр эдгээр тоон үзүүлэлт, зорилт нь малчдын нуруунд багагүй ачаа үүрүүлэх болсон гэнэ.
Э.Энхтөр (Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын малчин)
-Манай аймагт бэлчээрийн доройтол үүсээгүй ч мянгат малчин олон учир газрын маргаан цөөнгүй дэгддэг. Жилд дунджаар борлуулдаг махны хэмжээ бусад аймгийнхаас илүү. Мах борлуулахдаа аймгийнхаа ченжид “тушаадаггүй”. Үхрийн махаа голдуу Улаанбаатарт хүргэж зардаг. 1000 гаруй километр зам туулж, нэг удаа 2-3 үхрийн мах зарахгүй бол ашиг гардаггүй. Харин хонь, ямаа бараг худалддаггүй. Туранхай, хямд үнэтэй учир холоос тээвэрлэхэд ашиг гардаггүй гээд ченж нар ч авдаггүй. Өөрсдийн гэсэн зоорьгүй учир зуд турхан болох сургаар хүчээр шахам хямдхан худалддаг. Хэрэв хөрш орнууд руу экспортлох зорилгоор улсаас томоохон зоорины аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улиралд малчдаас мах авдаг болчихвол сайн сан. Хэрэв тэгэхгүй бол бид хүйтэнд хөрж, халуунд халж өсгөсөн малаа хямд үнээр борлуулж, хохирч байна.
Б.Баярмагнай (Говьсүмбэр аймгийн малчин)
-Зах зээлд борлуулж буй махны үнэ байнга хэлбэлздэг. Мөн ченж нар хямд худалдаж авдаг учир бид малаа тогтмол борлуулдаггүй. Үүгээр ч зогсохгүй өнгөтэй өөдтэй, аль болох тарганыг нь шилсээр одоо малчдын хот туранхай, чанаргүй малаар дүүрсэн. Үүнээс л болж малын тоо ихсэж, бэлчээр доройтоод байгаа хэрэг. Малын тоогоо багасгаж, түүхий эд, махыг нь үнэд хүргэе гэхээр боломж нь алга. Эдгээрийг ашигтай борлуулж, боловсруулахад малчдад төрөөс дэмжлэг үзүүлдэггүй. Бэлчээрийн доройтлыг бууруулахын тулд малын тоог багасгах хэрэгтэй ч энэ нь бидэнд дарамт учруулдаг болоод удлаа. Хэрэв малчдын хөдөлмөрийг үнэлж, мах, түүхий эдийг нь өндрөөр үнэлбэл тоо толгойг нь бууруулах боломжтой. Бид ч бас цөөхөн, чанартай малтай болохыг илүүд үздэг. Мөн арьс, шир зэрэг дагалдах түүхий эдээ боловсруулж ашиг хүртдэг болбол малчид байнгын орлоготой, малаа хэмжээтэй өсгөдөг болно.
Малын тоог бууруулахтай холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Хэрэв чанаргүй малын тоог бууруулбал зуд турханд бүгдийг нь тавиад туучих эрсдэл өндөр гэнэ. Тодруулбал, сүүлийн 70 жилд манай улсад 12 удаа томоохон зуд болж, нийт малын 60.3 хувьтай тэнцэхүйц буюу 40 сая толгой нь хорогджээ. 1996-2010 онд тохиолдсон таван удаагийн зудаар 21.5, 2009-2010 онд хамгийн олон буюу 10.3 сая мал хорогдсон нь тухайн үеийн ханшаар 570 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн 32 мянган өрх 50 хувиас дээш хэмжээний малаа алдаж, 8000 өрх огт малгүй болсон гэх сэтгэл эмзэглүүлэм судалгаа бий. Хэрэв үүлдэр, угсаа сайтай, чанартай мал бэлтгэсэн хойноо тоог нь бууруулахгүй бол энэ мэтчилэн нэг удаагийн зудад улс даяараа хямрах эрсдэлтэй.
Б.Нямхүү (Дорнод аймгийн Сэргэлэн сумын малчин)
-Эрдсийн дутагдлаас болж өнгөрсөн хавар цөөнгүй үхэр хорогдсон. Зуд турхантай жил үүнээс ч их малаа алдах нь ойлгомжтой. Сүүлийн жилүүдэд манай эндхийн өвс, ургамал шим тэжээлгүй болж, мал эндэх нь элбэгшсэн. Малын тоогоо цөөлөөд, бэлчээрээ сэргээе гэж бодох юм. Гэхдээ бэлчээр хамгаалах гээд малынхаа тоог цөөлчихвөл зуд турханд үлдсэн хэдийгээ алдахгүй гэх баталгаа алга. Мөн бэлчээр хэдэн жилийн дараа сэргэж, шим тэжээлтэй өвстэй болох талаар мэдээлэл алга.