Анхны цас орохтой зэрэгцэн их бие, иш, мөчрөөсөө салсан “тагжгар” гацуурын зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархаж, маргааны сэдэв болов. Олонх хүн “Тарьж ургуулахын оронд амийг нь таслахаа боль” хэмээн эсэргүүцсэн бол зарим нь “Ургалт нь зогсож, өнгө зүсгүй болсон модыг өөр яалтай вэ” гэж өмөөрөв. Учир явдлыг тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан ДБЭТ-ын урд байх дөрвөн гацуурыг тийнхүү тайрчээ. Олон нийт шүүмжилж эхэлсэн даруйд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Өмхөрч муудан, хугарах эрсдэлтэй болсон дөрвөн ширхэг гацуурыг зургаан метр өндөртэй, том оврын нарсаар солилоо. Захирагчийн ажлын алба намрын ажлын хүрээнд Нисэхийн аюулгүй тойргоос Өлзийтийн уулзвар буюу Жаргалант руу салдаг хэсэг хүртэлх замын голоор том оврын 1027 ширхэг шилмүүст мод тарих ажлыг зохион байгуулж байна. Хамгийн өндөр, өтгөн шилмүүстэйг нь шилж, Б.Алтангэрэлийн гудамжинд суулгасан” гэж мэдээлэв. Уг ажлыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотой зохион байгуулж буйг албаныхан тодотгож, сошиалаар нэг “сэвсэн” ч жирийн иргэдээс эхлээд биологич, дендрологичид тэдний санаачилгыг шүүмжилж, үгүйсгэсэн хэвээр. Шилжүүлэн суулгасан мод урган төлжих боломжтой ч манайх шиг арчилж тордохдоо “хашин”, ийм аргаар хэдэн зуун “хүчилтөрөгч нийлүүлэгч”-ийг гудамж, талбайдаа булшилсан хотод энэ нь хамгийн тохиромжгүй технологи гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны гишүүн Т.Уламбаяр “Монголчууд энэ ажлыг стандарт, горимын дагуу хийж сураагүй үедээ хот тохижуулах нэрийдлээр олон мянган мод үхүүлж, сая саяар мөнгө хийсгэсээр байх болно” гэв. Тэрчлэн зунжин зугаалж, намаржин найрлачихаад өвөлжин өрвийнө гэгчээр хүйтний улирал ид эхлэх үеэр хотод 1000 гаруй мод шилжүүлэн суулгаж байгаа нь цагаа, нүдээ олоогүй ажил гэдгийг ч иргэд шүүмжлэв.