ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтарч “Цэнхэр алт усаа хайрлая” аяныг өнгөрсөн сарын 5-наас энэ сарын 5 хүртэл зохион байгууллаа. Аяны хүрээнд эрдэмтдийн хийсэн судалгааны дүнг олон нийтэд мэдээлж, иргэд, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ зохиож, зарим газарт хяналт, шалгалт хийсэн юм. БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар “Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 100 гаруй зурагт хуудас, 40 дүрс бичлэг, 400 орчим нийтлэл түгээсэн. Цахим орчинд 7.2 сая хандалт авсан нь эл аян олон нийтийн анхаарлыг татсаныг баталж байна. Манай орны агаарын температур 70 жилийн дотор 2.27 градусаар дулаарч, ган гачгийн давтамж хоёр дахин ихэссэн гэх судалгаа бий. Тиймээс хүрээлэн буй орчин, усаа хамгаалахын тулд олон ажил хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн 2021-2026 онд хэрэгжүүлэх төсөлд “Хоногт 50 мянган шоо метр саарал ус цэвэршүүлж, дулааны цахилгаан станцын хөргөлтөд ашиглана” гэж тусгасан” хэмээв. Мөн Экологийн цагдаагийн албаны мэргэжилтэн, дэслэгч Л.Болорсолонго “Аяны хүрээнд усны ай сав газарт хог хаяж, автомашин угаасан зэрэг 200 гаруй зөрчил илрүүлсэн. Голын ус бохирдуулбал иргэнийг 100 000, аж ахуйн нэгжийг 1 000 000 төгрөгөөр торгох хуультай. Монгол Улс цэнгэг усны нөөц хомсдох магадлалтай 20 орны тоонд багтдаг. Бид усаа хайр гамгүй ашигласаар байвал 2026 он гэхэд хомсдолд орох аюултайг судлаачид анхааруулсаар байгаа. Хойч үедээ ногоон байгаль, цэнгэг усаа үлдээхийн тулд ариг гамтай хэрэглэж, цэнхэр алтаа хамгаалаарай” гэлээ.
Бэлтгэсэн: О.Алуунгуа