Дорноговь аймгийн Сайншанд сумын II багийн нутагт, төмөр замын гарам дээр уржигдар 18.05 цагт автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч Х нь Зэвсэгт хүчний 017 дугаар цэргийн ангийн “Фотон” маркийн автомашиныг жолоодож яваад Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын долдугаар км-ийн хаалтгүй гарам дээр ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын улмаас автомашинд зорчиж явсан 27 настай эрэгтэй гэмтжээ. Хэргийг тус аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж буй аж.
Ташрамд дурдахад, амралтын өдрүүдэд ТЦГ-т зам, тээврийн ослын 524 дуудлага иржээ. Ослын улмаас хоёр хүн эндэж, 12 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд гэнэ. Баянзүрх дүүргийн XVII хороонд амьдардаг иргэн Б нь автомашинаа асаалттай орхичихоод хашааныхаа хаалгыг хаахаар явжээ. Гэтэл автомашин нь замын уруу өнхөрч, Б-г дайрснаар тэрбээр бетонон хашааны завсар хавчуулагдан нас баржээ.