Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн. Аравдугаар сарын 5-ны байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна. Аравдугаар сарын 1-5-ны хооронд 9,700 тонн түлш тээвэрлэж, борлуулалтын цэгт хүргэсэн. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, эрсдэлийн үнэлгээ хийж байна. Гадаад, дотоод температурын зөрүү нэмэгдсэнтэй холбоотойгоор угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагаатай холбоотой зөвлөмж, мэдээллийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа өгөв. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 11 шугам ажиллаж байна. Нийт талбай дээрх үлдэгдэл 3948 тонн байна. Тээврийн 22 компани 240 орчим автомашинаар түгээлт хийж байна. Өчигдрийн байдлаар 259 удаагийн ачилтаар 2031 тонн түлшийг борлуулалтын 250 цэг рүү явуулсан. Нэг цэг рүү явуулж байгаа дундаж хэмжээ нь 8 тонн. Энэ долоо хоногоос борлуулалтын цэгийг 586-д хүргэнэ. Орон нутгаас иргэд болон оюутнууд түр оршин суухаар ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгч нэмж тараах шаардлага тулгарч байна” гэлээ.