Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнууд шуурхай зөвлөгөөний хуралдаанд ирсэнгүй. Энэ байдалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ихэд бухимдаж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр "Ихэнх дарга нар ирсэнгүй. Энэ ажил албандаа ирдэггүй хариуцлаггүй хүмүүсээс болж хот шүүмжлүүлдэг. Над дээр сүүлийн үед цөөн хэдэн байрны халаалттай холбоотой гомдлууд ирж байна. Гэтэл ингээд удирдлагууд ажилдаа ирсэнгүй. Өнөөдрийн шуурхай дээр иргэдээс ирж байгаа гомдол саналуудыг ярья гэж чиглэл өгсөн. Би ч бас ИТХ-д нэр дэвшиж байгаа. Амралтын өдрөөр тойрогтоо очсон. Гэтэл төрийн албан хаагчид сонгуулийн үеэр зарлагдсан Нийслэлийн удирдлагын шуурхай хуралдаа суухгүй байна. Татварын хөрөнгөөр цалинжиж байж яаж ингэж ажиллаж чаддаг байна аа, ард түмнээсээ ичих хэрэгтэй. Тамгын дарга, ерөнхий менежер хоёр энэ хүмүүсийн бүх тушаал, шийдвэрийг авч ирнэ үү. Төрийн албаны тухай хууль тогтоомж, бусад хуульд заасан бүх хариуцлагыг тооц. Төр түшмэлээр дутдаггүй юм шүү" хэмээсэн юм.
Хуралд оролцоогүй дарга нарыг дурдвал, Хурлын дарга, Авто замын газрын дарга, Боловсролын газрын дарга, Газрын албаны дарга, Орон сууцны дэд бүтцийн газрын дарга, Дотоод аудын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийгмийн халамжийн газрын дарга, Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга, Статистикын газрын дарга, Соёл урлагийн газрын дарга, Татварын газрын дарга, Нийтийн тээврийн газрын дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга, Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга, Замын цагдаагийн газар, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга, Зорчигч тээвэр-3, Хот төлөвлөлт судалгааны институцийн газрын дарга, Нийслэлийн орон сууцны корпорацийн дарга, ОСНАА газрын дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, Хотын шуурхай удирдлагын газрын дарга, Хот тохижилтын газрын дарга, Хөрөнгө оруулалты газрын дарга гээд олон удирдах албан тушаалтнууд хуралд ирээгүй байна.