Өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын коронавируст халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Энэ үеэр НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор "Нийслэлийн нутаг дэвсгэрт 1,021 ресторан, 225 кафе, 945 баар үйл ажиллагаа явуулж байна. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад нэгдүгээр сараас хойш хяналт шалгалт хийсэн.
Цар тахалтай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын найман удаагийн захирамж гарсан байдаг. Согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг төрлөөр авч үзвэл диско баар 69, караоке баар 313, бүжгийн баар 12, спорт баар 18, бусад паб, баар 533 байна.
Хяналт шалгалтын явцад нийт 21 ААН, гурван иргэнд нийт 20,290,000 төгрөгийн торгууль, зургаан ААН-д 77 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн. Мөн стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулж байсан зургаан баарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүллээ.
Мөн кафены газар үйл ажиллагаа явуулсан караокены үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг нийслэлийн Соёл урлагийн газарт хүргэж ажиллалаа. Түүнчлэн илэрсэн зөрчлүүдийг ангилахад цаг хэтрүүлсэн 12, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан 12, улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй хоёр зөрчил илэрсэн тул арга хэмжээ авсан" гэв.
Харин НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэг "2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А930 дугаар захирамжаар диско болон бүжгийн баар, олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, арга хэмжээ хийхийг хязгаарласан байсан заалтыг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай албан мэдэгдлийг бүх ААН-үүдэд хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд хяналт шалгалтыг нийт зургаан дүүргийн диско болон бүжгийн 66 бааранд хийлээ.
Бүгд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрхтэй байсан ба 58 баар нь үйл ажиллагаа эхлэхээсээ өмнө мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж акт бүрдүүлсэн. 48 баар нь ажилчдынхаа халууныг үзэж бүртгэн, үйлчлүүлэгчдийнхээ биеийн халууныг үзэж тэмдэглэсэн зэрэг тодорхой ажлууд хийсэн байв. Гэвч зөвлөмжийг биелүүлж, дэглэмийг дагахгүй байгаа газрууд байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Banana, S13, Venus, Казино, 888, Орбит диско гэх мэт байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх тодорхой ажлууд хийгээгүй зөрчил илэрсэн" хэмээв.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газраас иргэд гаднаас орж ирэхдээ амны хаалт хэрэглэсэн байхад анхаарч, орж ирэхэд нь халууныг нь хэмжиж, спирттэй гар ариутгагч хэрэглүүлэх хэрэгтэй. Өдөр бүр ажилчдынхаа халууныг нь үзэн бүртгэлжүүлж, гар хүрэлцэхүйц газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зэргээр ААН-үүд заалт бүрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг зөвлөсөн юм.