...Ээж байх эрхийг нь хасъя гэсэн тэр хүмүүс бүтэн өнчрүүлэхээр шийдсэн тэр хүүг асрамжийн газарт байлгахаас илүүтэй халуун дулаан халуун дулаан уур амьсгал бүхий гэр бүлд өгөхийн тулд юу хийв. Юу хийснийг нь асуулаа, судаллаа Хүүгийн эрхийг хамгаалахаар хуруугаа ч хөдөлгөөгүй ажээ....
Тэнгэр цэлмэг, сэтгэл тэнэгэр зуны сайхан өдөр. Тамхилахаар гарсан Тамирт хүүхэд уйлах шиг бүдэг бадаг чимээ сонсогдов. Тэрбээр анхаарлаа төвлөрүүлээд ахиад чагналаа. Яах аргагүй хүүхдийн гэхдээ бүр нялх хонгор дуу хашаан дотроос гараад байх шиг. Хашааны хаалга чиглэн алхсаар гадагш гарав. Гэтэл үүднийх нь дэргэд хашаа даган ургасан шарилж дунд өлгийтэй өөдөсхөн нярай уйлах, яраглахын завсарт өлгийндөө займчин өмөлзөж байх нь тэр. “Ээ тэнгэр минь, хүүхэд байна шүү дээ” хэмээн түүнийг тэвэрлээ. Ийш тийш хартал гудамж эл хуль, хүн, амьтны бараа алга. Айх, гайхах зэрэгцэн ямартай ч хүүхдийг гэртээ авч орлоо. Өглөө ажлаасаа буугаад амарч байсан эхнэрээ чангаан “Хашааны гадаа орхичихож” хэмээгээд хүүхдийг өвөрт нь хийв. Эхнэр нь яаран өндийж, ягаан өнгийн өлгийг нь задалбал хүү байв. Хоёр хөлөө тийчлэн суниаж, бас хэлээ хөхөхийг хараад Тунгалаг уяран мэлмэрүүллээ. Хүү хаягдсанаа, сайн хүмүүс олоод аварсныг ч үл мэдэн өөдөөс нь шээчихэв. Тунгалаг нулимсаа арчин инээлээ. Энэ зуурт нөхөр нь ирж, “Цагдаад мэдэгдчихлээ. Учир нь олдох биз” гэх нь тэр. Харин Тунгалаг “Хэнд ч өгөхгүй” гэсэн шиг хүүг тэврэв. Өрх тусгаарлаад цөөнгүй жил болоход үр хүүхэд заяагаагүй учраас ийнхүү харамласан байж ч мэднэ. Энэ санаагаа ч нөхөртөө хэлээд холбогдох газрууд руу утас цохив. Гэтэл юу болсон гэж бодно. Эмнэлэг, цагдаа, хүүхэд хамгааллын байгууллагаас явна гээд баахан хүмүүс ирж, өөдөсхөн “үрийг” нь авчихлаа. Хэсэгхэн зуурт ч гэсэн баяр жаргал бялхуулсан тэр хүүд чихэртэй шингэн цай, үхрийн сүү ч болтугай өгч, цангааг нь тайлж амжсангүй.
Өөдтэй анхаарал тавьж ч чадсангүй гэж харамсан хий дэмий адгаж, сандарч, айж, мэгшсээр хоцорлоо, тэд. Ийм явдал хэдэн сарын өмнө Улаанбаатарын захын нэгэн дүүрэгт болжээ. Хүүхдээ хаясан эмэгтэйн гэм бурууг хэлэлцэх хурал гурав хоногийн өмнө нэгэн анхан шатны шүүхэд өрнөсөн. Шүүхийн танхимд улсын яллагч Бат шүүгдэгчийн биеийн байцаалтыг уншиж танилцуулав. Шүүгчдэгч Наран Швед улсад төрсөн. Олон улсын харилцааны сургууль төгссөн, дээд мэргэжилтэй. Монгол Улсдаа томоохонд тооцогдох хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг нэгэн. 20 дөнгөж гарсан, ид сайхан насандаа яваа, гал цогтой эмэгтэй. Ажилтай, орлоготой, ганц хүүг юугаар ч дутаахгүй аваад явчих мэдлэг, боловсролтой санж. Гэхдээ сэтгэлийн боловсролоо хаана гээчихсэн юм бол. Төрөөд аравхан хоносон нялх үрээ гудамжинд орхих ямар шалтгаан байсныг шүүгч, прокурорын аль аль нь Нарангаас хэдэнтээ асуув. Шүүгдэгч “Айсан” гэх ганц үгнээс өөрийг үл хэлнэ. Эмэгтэй дахин үг дуугарсангүй. Тэд арга ядахдаа толгой сэгсрэв. Айдас. Зүгээр л айсандаа болоод ангир уургаасаа ч гараагүй, алаг үрээ нохой, шувууны хоол аятай гудамжинд орхиход хэн түүнд нөлөөлөв. Юу түүнийг тийм аймшиггүй тэнэглэлд хөтлөө вэ. Шүүгч, прокурор эмэгтэйг голгүй тэнэг, доторгүй гөлийсөн амьтан гэдэгт итгэхгүй байгаа бололтой. Хөсөр хаягдсан хүүгийн хууль ёсны эрх ашгийг төлөөлж, тухайн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ганаа шүүхийн танхимд иржээ.
Шүүгч мэргэжилтнээс саналыг нь асуухад тэрбээр “Гомдолтой байна. Хүүхдээ хаясан эхийг яллаж өгөөч” гэв. Эрүүгийн хуулийн 16.3-д зааснаар хүүхдээ төөрүүлсэн, хаясан, тэнүүчлэхэд хүргэсэн бол дөрвөн төрлийн ялаас нэгийг нь оноодог аж. Нэгдүгээрт, 1-5 жил хорино. Хоёрдугаарт, 5.4 сая төгрөгөөр торгоно. Гуравдугаарт, 240-700 цаг нийтэд тустай ажил хийлгэх заалт бий. Дөрөвдүгээрт зорчих эрхийг нь 1-5 жил хязгаарладаг. Харин хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учрах юм уу, эндсэн бол 12 жил хүртэлх хугацаагаар хорьдог. Ямартай ч Наран ял сонсох нь гарцаагүй. Хүүхдээ хаясан түүний үйлдэлд ямар ял төлөвлөснөө прокурор удахгүй танилцуулна. Шүүгчийн итгэл үнэмшил, дотор хүн нь хуульд заасан ямар ялыг сонгож Наранд ногдуулах бол. Түүнийг хорих уу, торгох уу, зорчих эрхийг нь хязгаарлах уу гэдэг нь хэдхэн мөчийн дараа шийдэгдэнэ. Үүнээс урьтаж шүүгчийн харц хүүгийн хууль ёсны төлөөлөгч Ганаа дээр тогтов. Тэрбээр “Гомдолтой байгааг тань сонслоо. Хэрэг явдал гараад гурван сар өнгөрчээ. 90 хоногт та бүхэн хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, ирээдүйг нь гэрэлтүүлэх ямар алхам хийсэн бэ” гэж асуусан юм. Хүүхдээ хаясан эмэгтэйг шийтгэж өгнө үү гэх тэр мэргэжилтэн энэ удаа том дуугарч чадсангүй, уруу дорой царайлж “Амралттай байсан. Өнөөдөр л ажилдаа орлоо” гэв. Түүний ажилладаг хэлтэст даргатайгаа нийлээд 21 мэргэжилтэн бий. “21-үүлээ байж, гурван сарын хугацаанд тухайн хүүхдийн ирээдүйд гэгээ нэмж, өнгөлөг байлгах ямар ч алхам хийгээгүй гэж үү” хэмээн шүүгч дургуйцэв. Арав хоногтой бяцхан хүүг ээжтэй нь элэг бүтэн байлгахын төлөө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн, тухайн хорооны Хамтарсан багийн гишүүд дорвитой ажиллаагүй нь гомдол дагуулах том асуудал. Бүр нэн тэргүүнд гүйцэтгэх учиртай нөхцөл байдлын үнэлгээ гаргаагүй нь хүний үнэргүй хэрэг.
Цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор хүүг Хүүхдийн төв сувилалд хүргэжээ. Мөн бичиг баримттай болгохдоо, ээжийнх нь саналаар хүүг Эрдэнэ хэмээн нэрлэсэн аж. Ямартай ч хүү Монгол Улсын иргэний бүртгэлд орж, аюулгүй газарт эрүүл торниж байна. Гэхдээ ирээдүйд хэрхэх, ямар хувь заяа түүнийг тосож буй нь тодорхойгүй хэвээр үлдэв.
Шүүхийн танхимд талууд үг хэлэх эцсийн мөч ирлээ. Наранд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноох саналтай байгаагаа улсын яллагч танилцуулав. Хүн байх үүргээ биелүүлээгүй, хүүхдийн хууль ёсны төлөөлөгч гэх нөгөөх мэргэжилтэн “Гомдолтой байна. Ял оноож өгнө үү” хэмээн ээжийг буруушаасан үгээ давтлаа. Наран хүүхдээ авахгүй, олсон айлд нь өргүүлэх саналтай байгаагаа хэлэв. Шүүх хурал шийдвэрээ гаргахаар түр завсарлав.
10 минутын дараа шүүх танхимд эргэн орлоо. Наранг хорьсонгүй, торгосонгүй, зорчих эрхийг нь хязгаарласангүй. Харин 400 цаг нийтэд тустай ажил хийх ял оноов. Оноосон ялыг биелүүлээгүй бол биечлэн хорих ялаар солих хуультайг ч анхааруулсан. Хүүхдээ хаясан эмэгтэйн төрсөн он, сар, жинхэнэ нэр, төгссөн сургууль, эрхэлж буй ажил, амьдардаг газрынх нь мэдээллийг дэлгэх хүсэл алга. Хөөрхий эмэгтэй ямар зовлонт амьдрал туулж, тийм байдалд хүрснийг мэдэхгүй, ерөөс эмэгтэй хүнийх нь хувьд ямар нэг байдлаар гоочлохыг хүсээгүй учраас огтоос дурдсангүй. Харин болсон үйл явдал бодитой билээ.
Наран төвийн бүсийн нэгэн аймагт ээж, хойт аав, дүүгийн хамт амьдардаг байж. Хоёр жилийн өмнөөс амьдрал хөөж, нийслэлд иржээ. Улмаар жирэмсэлж, хүүхдээ төрүүлсэн байна. Хөнөөе л гэж бодсон бол хүүгээ ураг байхад “авхуулчих” байсан биз. Арван сар тээн, ангир уургаа шимүүлсэн хойноо тийм үйлдэл гаргасан нь ямар нэг шалтгаантай гэдэгт итгэж сууна. Тэр ямар зовлон туулсан юм бэ. Тийм гэхийн тамтаггүй зовлон үзэж, башир муухай хүмүүсийн атганд ороо юм болов уу. Эсвэл тэр хүчингийн гэмт хэргийн золиос болж, тэр хүүг төрүүлсэн үү гээд олон зүйлийг төрийн албаныхан тодруулах ёстой биш гэж үү. Үүрэг нь ч юм билээ. Дээрх болсон явдлын дараа мөрдөн байцаагч хүүхдийн ээжийг олж тогтоох ажиллагаа эхлүүлсэн нь тодорхой. Эмэгтэйг хайх, олсны дараа мэдүүлэг тайлбар авахдаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс томилсон хүүхдийн эрхийг хамгаалах хууль ёсны төлөөлөгчийг байлцуулах учиртай. Тус хэлтсийнхэн ч Нарантай уулзаж нөхцөл байдлын үнэлгээ хийж, түүний ээж, ойр дотнын ах дүүс, хүүхдийн эцгийг нь олох, сэтгэлзүйчтэй уулзуулах, ярилцах ёстойг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн хэлсэн. Үүнээс гадна Хамтарсан багийнхан энэ эмэгтэйд тусламж үзүүлээгүй. Ерөнхийдөө Наранг гэмт хэрэгтэн гэж үзэн, байцааж, шахаж, буруутгаснаас бус, хуульд заасан тусламж дэмжлэг үзүүлсэнгүй. Харин ч эх байх эрхийг нь хасъя хэмээн том ярьж, тоомжиргүй сууна. Тодруулбал, тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь “Бид шүүхэд гомдож байна. Шүүгч Нарангийн ээж байх эрхийг хасах байсан юм. Бид дахиад гомдол гаргана” гэсэн. Бүр “Нарангийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй учраас Хамтарсан баг үйлчилгээ үзүүлэх ёсгүй.
Нөхцөл байдлын үнэлгээ ч хийхгүй. Яагаад гэвэл тэр орон нутгаас ирсэн, нийслэлд түр оршин суугч. Түүний албан ёсны хаягийн дагуу орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс нөхцөл байдлын үнэлгээ хийх ёстой” гэх нь тэр. Тэгвэл тэр бүртгэлтэй аймгийнх нь холбогдох хэлтэс рүү ярьсан уу гэхэд тэр дарга “Үгүй” гэж хээв нэг хариулсан. Тэр ч бүү хэл, “Наран хүүхдийнхээ эцгийг ч мэдэхгүй юм билээ. Мөрдөн байцаагчтай уулзах болгондоо өөр зүйл ярьсан байсан. Биднийг утсаар ярихад уулзахаас татгалзсан” хэмээн өөрсдийгөө өмөөрөв. Хамтарсан баг Наранд тусламж үзүүлдэггүй юм байж. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс ч нөхцөл байдлын үнэлгээ хийх үүрэггүй гэж үзэж болно. Гол нь хүүхдийг үрчилье хэмээн хүсэлт гаргасан хосын аж амьдрал, хуульд заасан шалгуурт тэнцэх, эсэхийг үнэлсэн үү. Ээж байх эрхийг нь хасъя гэсэн тэр хүмүүс бүтэн өнчрүүлэхээр шийдсэн тэр хүүг асрамжийн газарт байлгахаас илүүтэй халуун дулаан халуун дулаан уур амьсгал бүхий гэр бүлд өгөхийн тулд юу хийв. Юу хийснийг нь асуулаа, судаллаа. Хүүгийн эрхийг хамгаалахаар хуруугаа ч хөдөлгөөгүй ажээ. Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх тэр түшмэл өөдөөс “Хүүхдийг үрчлүүлэх нь бидний биш, иргэний бүртгэл, ЗДТГ-ынхны ажил” хэмээв. Амьдрал дээр, бүр тодорхой хэлбэл, 2018 оноос хойш Засаг дарга нар хүүхэд үрчлүүлэх судалгаа, үнэлгээг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэнд даалган, захирамж гаргасаар ирсэн. Тухайн хэлтсийнхэн хүүхэд үрчлэх асуудлыг судалж, үнэлгээ өгч, тэр ч бүү хэл, үрчлүүлсэн хойно нь тухайн хүүхэд эрүүл, аюулгүй байна уу гэдэгт анхаарал тавьсаар ирсэн нь бодит үнэн юм.