Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч нар алдаа гаргаж, өвчтөн, үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол цөөнгүй. Тийм нэг хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаж дуусаад, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Нийслэлийн “Амгалан” амаржих газрын эмэгтэйчүүдийн их эмч П.Отгонбаяр, Б.Даваацэцэг, Н.Ганболд, сувилагч Б.Амаржаргал, Ц.Одхүү нарыг Эрүүгийн хуулийн 15.1-2 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэх үндэслэлээр буруутгасан байна. Тэд хөл хүнд Ж-ыг буруу оношилж, улмаар мэс засал хийхдээ алдаа гаргасан хэмээн хохирогч бүсгүй нэг жилийн өмнө “MN-Мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийж байсан. Тэрбээр “Амгалан” амаржих газрын эмч нар надад алдаатай онош тавьж, улмаар мэс засал хийхдээ буруу байрлалтай бөөрийг минь уйланхайтай андуурч авсан. Ингэхдээ эмчилгээний самбайгаа хэвлийд үлдээснээс дотор эрхтэнүүд хоорондоо наалдан, идээлж, цаашлаад эрүүл бойжиж байсан ургаа хөндүүлж хохирсон” хэмээсэн юм. Уг хэргийг өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч эцэслэн шийдвэрлээгүй. Нэмэлт ажиллагаа хийсээр жилийн дараа дахин шүүхэд хүргүүлжээ. Уг нь тус шүүх дээрх таван хүний гэм буруутай, эсэхийг уржигдар хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын нэг нь хурал давхацсан үндэслэлээр хойшлуулсан байна.