Бусдыг хил давуулан худалдсан гэмт хэрэгт холбогдсон Б.Жамъянмядаг, М.Өлзийцацрал, М.Гаамаа, Б.Учрал нарын гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдрийн турш хэлэлцэж, өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа. Шүүгдэгч нар нэр бүхий хохирогчдыг “БНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн хамт явахыг ятгажээ. Улмаар зөвшөөрөөгүй эмэгтэйчүүдэд “Тийзийг чинь урьдчилан захиалсан. Нэг сая төгрөг өг. Гэрийн чинь хаягийг мэднэ” гэх мэтээр дарамтлан хилийн чанад руу дагуулан явсан аж. Энэ аргаар цөөнгүй хохирогчийг Малайзад аваачиж, 2018 оны хоёрдугаар сарын 3-наас гуравдугаар сарын 14-ний хооронд биеийг нь үнэлүүлэн, хүн худалдах гэмт хэрэг зохион байгуулсан гэж буруутгасан юм. Улмаар Б.Жамъянмядаг, М.Өлзийцацрал, Б.Учрал нар охид, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж олсон мөнгөө М.Гаамаа, М.Урангоо нарын данс руу гуйвуулан, орлогоо төвлөрүүлж байжээ. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 13.1-т зааснаар хүн худалдсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Харин шүүхээс ялын зүйлчлэл нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 12.6-2-т заасан биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэм буруутайд тооцов. Ингээд Б.Жамъянмядаг, М.Өлзийцацрал нарт гурван жил хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. М.Гаамаа, Б.Учрал нарыг мөн хугацаагаар хорих ял оноосон ч тэнсэн харгалзах болжээ.