УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Д.Оюунхоролыг хууль сахиулах байгууллагынхан залилангийн хэрэгт шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Баттай эх сурвалжуудын өгүүлснээр, залилангийн бус, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, хамаарал бүхий аж ахуйн нэгж, дүү нартаа давуу байдал бий болгосон үндэслэлээр шалгаж байгаа аж. Тиймээс цагдаагийн байгууллагаас АТГ-т хэргийг нь шалгуулахаар шилжүүлжээ. Ингэхдээ гурван ч үндэслэл бүхий баримтын дагуу мөрдөн шалгаж буй гэнэ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт харьяалагдах хэсэг болох Нүхтийн аманд төрсөн дүү Д.Баттулгын нэр дээр 0.9 га газар зуслангийн зориулалтаар авсан аж. Улмаар тэр газарт хотхон барьсан нь сайд асныг шалгах нэг үндэслэл болжээ. Ганц энэ ч биш, мөн л төрсөн дүү Д.Дамдинсүрэндээ 2015 оны долдугаар сард Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон бөгөөд тэнд нь амины орон сууц (хаус) барьсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл болсон байх юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”-ыг зөвшөөрдөг. Харин үүнээс өөр зориулалтаар барилга, байгууламж барихыг хориглодог атал салбар хариуцсан сайд нь ийнхүү хууль зөрчин хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Эдгээрээс гадна “Отгонтэнгэр групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Тоскана интернэйшнл гарден” хэмээх, 1853 айлын орон сууцын хотхоны бүтээн байгуулалттай холбогдуулж болзошгүй гэх мэдээлэл ч байна. Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн 118 дугаар сургуулийн баруун талд барилга барьж буй дээрх компанийн хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бусаар газар авч ашиглан, мөнгө угааж байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Отгонтэнгэр групп” ХХК-д 2014 оны наймдугаар сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас орон сууцын цогцолбор барих зөвшөөрөл олгосон аж. Харин дээрх компанийн 40 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай “Бээжин сино инвестмент девелопмент” компани эзэмшдэг гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар ашиглуулах болбол Газрын тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасан “Монгол Улсад байнга (183 хоногоос дээш хугацаагаар) оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээнийх нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн байж болзошгүй байгаа аж. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхоролын хувьд өмнө нь эрх мэдлээ урвуулж, Төсвийн, Барилгын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, “Гранд повер” гэх өөрийн үйлдвэргүй байсан компанид давуу байдал олгосон гэх хэрэгт шалгуулж, АТГ-аас яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн ч шийдвэрлээгүй өнгөрсөн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа