Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан талаар болон сайжруулсан түлшний нөөцлөлт, борлуулалт, угаарын хийн мэдрэгчийн түгээлтийн талаар хэлэлцлээ.
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр инженерийн шугам сүлжээний засвар тоноглолын ажлыг дэлгэрэнгүй танилцуулаад, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Нэг хяналтын ажилтан 200 өрхийг хариуцан ажиллаж байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 546 борлуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд 72 мянган тонн түлш нөөцөлжээ. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компани “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулжээ. Уг алба нь мэдээлэл судалгаа, угаараас сэргийлэх, засвар үйлчилгээний хэсгүүдтэй бөгөөд 1000 гаруй хяналтын ажилтан ажилладаг байна. Нэг хяналтын ажилтан 200 өрхийг хариуцаж угаарын хийнээс сэргийлэх заавар зөвлөмжийг хүргэхээс гадна, аюулгүй байдлаа хангаж байгаа эсэхэд хяналт тавьж буй. “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-аас угаарын хийнд өртөх нөхцөл байдлын үнэлгээ тогтоох зорилгоор гэр хорооллын 151054 өрхөөс асуумжын аргаар судалгаа авсан байна. Судалгаагаар 10889 байшинд амьдардаг өрх угаарын хийнд өртөх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа үзүүлэлт гарчээ. Мөн санхүүгийн чадамжгүйгээс үүдэж зуух пийшингээ солих, засварлах боломжгүй 383 өрхийн судалгаа гарч, холбогдох дүүрэг хороодын албан хаагчдад мэдэгдсэн талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал мэдээллээ.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон иргэдийн янданг хөөлөх, зуух пийшинг засварлаж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 181 өрхийн янданг сольж, 170 өрхийн ханан пийшинг шинээр барьж нийт 5805 өрхөд дуудлагын дагуу ажиллажээ.
Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн дуудлага нэмэгдэж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн өрхүүдийн шалтгааныг тодорхойлоход яндангаа сугалж өрхөө татсан,шахмал түлшийг буруу хэрэглэсэн, угаар мэдрэгчийн батарейг шалгаагүй гэх мэт иргэдийн хайхрамжгүй үйлдэлтэй холбоотой дүгнэлт гарчээ.Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж, амь нас эрүүл мэндээ сахин хамгаалах аюулгүй байдлаа хангахыг албаныхан анхаарууллаа.
Иргэдийн хайхрамжгүй үйлдлээс угаартах эрсдэл гарч байна
Угаарын хийн хордлогод өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тухай нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар дэлгэрэнгүй мэдээллээ. Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд хүйтэрч галлагаа эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд хөнгөн хэлбэрээр өртсөн гэх дуудлага ихэсч байна. Угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар зөвлөмж, зурагт хуудас шинэчлэн боловсруулж, олон нийтийн цахим сүлжээгээр болон харьяа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч, иргэдэд тогтмол сурталчилж байна. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаасаа болж угаарын хийнд өртсөөр байна. Иймд анхаарал болгоомжтой байж, угаарын хий мэдрэгчээ тогтмол шалгаж байхыг зөвлөмөөр байна” гэв.
Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангагдсан эсэх асуудлаар мэдээлэл солилцоод, хөрөнгө оруулалтын ажлуудыг яаралтай дуусгах, сайжруулсан түлний нөөц, борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх үүргийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд өглөө. Тэрбээр “Цаг агаар хүйтэрч байгаа учраас иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үйлдэлтэй угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэл нэмэгдэж байгааг анхаарч, сэрэмжлүүлэг мэдээ, заавар зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй” гэв.
Энэ сарын 15-ны өдрийг хүртэл “Өвөлжилтийн бэлтгэл хангах” нэг сарын аянг үргэлжлүүлэх бөгөөд нутгийн захиргааны болон дүүрэг хороодын Засаг дарга нар бэлтгэл ажлаа сайтар хангахыг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч санууллаа.