Дөрвөн улиралтай Монгол Улс хахир хатуу өвлийг халуун, дулаан өнтэй давахын тулд бэлтгэл хангадаг уламжлалтай. Улсын гал голомт болсон эрчим хүчний салбарынхан өвлийн бэлтгэл ажлаа хангалттай хийж буйгаа дуулгав. Өвлийн оргил ачааллаас өмнө төлөвлөсөн ажлаа бүгдийг нь хийж, цахилгаан станц, эрчим хүчний дамжуулах болон түгээх, дулааны шугам сүлжээнийхээ найдвартай ажиллагааг хангаад хахир өвлийг угтах нь.
Манай улсын эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлого хатуу. Засгийн газраас эрчим хүчний үнэ тарифыг байнга хянаж, өртгөөс нь бага тогтоон, зарим компанид татаас өгөх байдлаар зардлыг хаадаг учраас хатуу бодлоготой гэж онцоллоо. Эрчим хүчний үнийг хямд тогтоодог тул энэ салбарын компаниуд өөрийн хөрөнгө оруулалтаар техник, технологио шинэчлэн сайжруулж чаддаггүй. Гэхдээ эрвийх дэрвийхээрээ ажиллан, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, өвлийг гал алдуулахгүй давдаг билээ. Энэ удаа ч өмнөх жишгээр өвлийг гал алдчихгүй давах бэлтгэл ажил хангаж байгаа. Тус салбарынхан 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 1021 нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнээс 908-ыг нь гүйцэтгэсэн байна. Мөн хөрөнгө оруулалтаар 637 ажил гүйцэтгэхээр тогтсон аж. Үүний 535-ыг нь хийжээ. Түүнчлэн техникийн зохион байгуулалтын арга хэмжээний ажил 439-ийг төлөвлөж. Тэдгээрээс 364 ажлыг амжуулсан гэнэ. Ингэснээр нийт 1807 ажлыг бүрэн гүйцэтгээд байгааг Эрчим хүчний яамныхан дуулгалаа. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил өчигдрийн байдлаар 85.3 хувьтай байгаа аж. Үлдсэн ажлыг хоёр сард багтаан хийснээр бэлтгэлээ бүрэн хангах юм байна.
Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол их засвар, шинэчлэлийн ажлын явц 90, цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээнүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлт 88.5, орон нутгийн дулааны станцуудын засвар, үйлчилгээний явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Манай улс эрчим хүчний үйлдвэрлэлийн дийлэнхийг нүүрсээр галладаг цахилгаан станцуудаас бүрдүүлдэг. Тиймээс нүүрсний уурхайнуудын бэлэн байдлыг хангуулах нь чухал. Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл 82, Шивээ-Овоогийнх 81.6, Шарын голынх 76 хувьтай байгаа аж. Эдгээр нь төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг юм.
Дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол болох 63 зуух, 43 турбингенератор бий. Үүнээс 33 зуух, 31 турбингенератор ажиллаж буй гэнэ. Тэгвэл бэлтгэлд 19 зуух, найман турбингенератор байгаа аж. Харин 11 зуух, дөрвөн турбингенераторыг засварлаж байгааг танилцууллаа. Энэ нь системийн горимын ажиллагаа хэвийн буйг харуулсан үзүүлэлт гэж эрчим хүчний салбарынхан дүгнэж байна. Энэ онд “ДЦС-4”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ыг өргөтгөж байгаа. “Ковид-19”-ийн тархалтаас сэргийлэх зорилгоор хил хааснаар станцын өргөтгөлийг барьж буй хятадуудыг оруулж чадахгүй ажил хэсэг хугацаанд саатжээ. Хятадуудыг хил нэвтрүүлснээр станцуудыг өргөтгөх ажил хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Үүнээс өөрөөр эрчим хүчний салбарынханд ямар нэгэн томоохон бэрхшээл тулгараагүй аж. Тэд бэлтгэл ажлаа хангаж дуусна, өвлийг гал алдахгүй давдгаараа давна.
Бэлтгэсэн: Т.Энхбат
ИНФОГРАФИК
Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ямар төслүүд хэрэгжүүлж буйг доор дурдлаа.
“ДЦС-4” ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх төсөл
Төслийн эхний үе шатанд турбоагрегат №1, 4-ийг 2019 онд ашиглалтад оруулан горим ажиллагаанд холбосон. Төлөвлөгөөний дагуу турбоагрегат №2, 3-ыг шинэчлэх ажлыг 2020 онд хийж дуусгах аж. Уг төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний нэг жилийн үйлдвэрлэл нь 360 сая гаруй кВт/цаг (180 000 айл өрхийг хангах), дулааных 150 мянган Гкал/цагаар (5900 айл өрхийг хангах) нэмэгдэх тооцоо гарчээ.
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 35 МВт-ын өргөтгөл
Тус станцыг шинэчилснээр суурилагдсан хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэж, эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх, цахилгааны өөрийн өртгийг 65.04 төгрөгөөр бууруулан 82.2 болгох боломж бүрдэнэ. Ингэснээр дээрх станц 71 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67 МВт хүртэл ачаалал авдаг, 3-4 МВт-ын нөөц чадалтай болох аж. Уг төслийн үр дүнд Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг цаашид 10-15 жил найдвартай хангах техникийн нөхцөл бүрдэж, цахилгааны үйлдвэрлэл нь 35 МВт-аар нэмэгдэн, ийм хэмжээгээр ОХУ-аас импортлох нь буурах юм.
“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, суурин газрын 25 мянга орчим өрх, 3100 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг цахилгаанаар, Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6000 орчим өрхийг дулааны эрчим хүчээр хангадаг юм байна. Зүүн бүсэд уул уурхай эрчимтэй хөгжиж, эрчим хүчний хэрэглээ нь нэмэгдэж буй тул “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлжээ.
Энэ ажлыг 18 сарын хугацаанд багтаан хийх бөгөөд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх аж.
Цаашид барихаар төлөвлөж буй эх үүсвэрүүд
Засгийн газраас эрчим хүчээ дотоодоос хангах бодлого баримталж буйн хүрээнд Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барихаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр бэлтгэлээ ханган ТЭЗҮ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг нь хийж, холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Авлага цахилгааны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” (УБЦТС) ТӨХК-ийнхан өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж буй талаар тодрууллаа. Тус компанид өчигдөр 10.00 цагт очиход нэгдүгээр давхарт байрлалтай үйлчилгээний өрөөнд цөөнгүй хүн дугаарлаж байв. Тэдний олонх нь 380 вольтын шийтийг гэр, албан байгууллагынхаа орчимд тавиулж, хүчдэлээ өсгөх хүсэлт гаргасан гэнэ. Чингэлтэй дүүргийн XVIII хорооны иргэн Г.Алимаа “Байшингаа цахилгаанаар халаахын тулд хүчдэлийнх 220 вольтыг 380 болгох шаардлагатай гэсэн. УБЦТС компанид хүсэлт гаргасан ч манай тэр хавьд хүчдэл нэмэх төхөөрөмж тавих боломжгүй гэж байна. Айл өрхүүдийг яндангаас татгалз, дулааны асуудлаа цахилгаанаар шийд гэчихээд ингэж болохгүй биз дээ” гэж байв. Энэ талаар тус компанийн Техникийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Аззаяа “Сүүлийн үед иргэдийн дунд цахилгааны хүчдэл нэмбэл л халаагуур сайн хална гэсэн ойлголт их болжээ. Тиймээс манайд хүсэлт гаргагчийн тоо жил бүр өсөөд байгаа юм. Хамгийн гол нь тухайн байршилд хүчдэлийг нь өсгөх боломжтой, эсэхэд трансформаторынх нь ачааллыг судалж байж хариу өгдөг. Хэрэв боломжгүй, цахилгаан хүлээн авагч, дамжуулагчийн чадал бага тохиолдолд арга байхгүй. Гэхдээ нэмэлт төхөөрөмж тавих, өөр дамжуулагчаас цахилгаан татах гэх мэтээр шийдэж болох ч багагүй хугацаа шаардана. Түүнчлэн иргэд халаагуур халаах төдийд хүчдэл нэмэх шаардлагагүйг ойлгох хэрэгтэй. Мэргэжилтний зөвлөгөөг сонсон, халаалтын олон технологиос 220 вольтоор байшин, гэрээ хэрхэн халаах боломжийг эрэлхийлэх учиртай” гэсэн юм. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлж эхэлснээр айл өрх, аж ахуйн нэгжүүд халаагуур хэрэглэх нь 2016 оноос огцом өсжээ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгааны хүчдэлээ өсгөх төхөөрөмж тавиулах нь нэмэгдсэн аж. Үүний зэрэгцээ хэрэглэгчийн тоо ихсэж буй нь шугам сүлжээ, дэд станцын ачааллыг өсгөн, нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүйгээс тухайн орчинд хүчдэл унах давтамж элбэгшдэг аж. Цахилгааны ачаалал өссөөр 2019-2020 оны өвөл өмнөх оныхоосоо 17.4 хувиар нэмэгдсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн дээд үзүүлэлт болжээ. Үүнээс гадна гэр хорооллын 41 964 өрхийг дөрвөн кВт хүртэл чадалтай халаагуураар гэр, орон сууцаа халаах техникийн боломж бүрдүүлсэн нь хүйтний улиралд иргэд дулаан, таатай амьдрахад том дэмжлэг болсон гэв. Гэсэн ч есдүгээр сарын байдлаар хотын захын 163 байршилд иргэд хүчдэлийн уналттай, цахилгаангүй орчинд аж төрж буйг дээрх компанийн Маркетингийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнэ дурдсан. Эдгээр өрхийг цахилгаанаар хангахад шаардлагатай хөрөнгийг гаргуулах хүсэлт холбогдох байгууллагуудад нь илгээсэн юм байна. Олон жилийн өмнөх үетэй харьцуулахад өдгөө хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай, тасралтгүй хангахад бэрхшээл тулгарах нь багассан гэдгийг Б.Мөнх-Эрдэнэ тэмдэглэсэн. Харин эрчим хүч хэрэглэсний хөлсөө төлөхгүй байх асуудал хэвээр байгаа аж. Тухайлбал, нийт хэрэглэгчийн 30 орчим хувь нь ямар нэг байдлаар шаардуулж байж тооцоогоо хийдэг гэлээ. Улмаар УБЦТС компаниас цахилгаан станцуудад өгөх өглөг 18.5 тэрбум төгрөгт хүрсэн бол хэрэглэгчдээс авах авлага 17 тэрбумд хүрчээ. Авлага нэмэгдэхийн хэрээр эрчим хүч нийлүүлэгчдэд өгөх өрийн хэмжээ ихсэн, улмаар цахилгаан үйлдвэрлэл, хангамжийн хэвийн ажиллагааг алдуулж, доголдол үүсгэх магадлалтайг онцолж байв. Түүнчлэн айл өрх, албан байгууллага төлбөрөө төлөхгүй удвал цахилгааныг нь түр түдгэлзүүлэх буюу таслах арга хэмжээ авсан хэвээр байгаа аж. Ташрамд дурдахад, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш цахилгааны нийт хэрэглээнд төдийлөн өөрчлөлт ороогүй гэлээ. Харин ч зарим аж ахуйн нэгж, байгууллага богиносгосон цагаар ажиллаж буйгаас эрчим хүчний зарцуулалт нь буурчээ.
УБЦТС ТӨХК нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дахь айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад цахилгаан түгээж, зохицуулалтаар хангадаг. Цахилгаан хэрэглэгчийн тоо сүүлийн таван жилд жил бүр дунджаар 6.3 хувь нэмэгдсэн бөгөөд нийт харилцагчийнх нь тоо 390 000-д хүрчээ. Өсөн нэмэгдэж буй хэрэглээг тасралтгүй, найдвартай хангахын тулд орчин үеийн чиг хандлага, технологийн дэвшил “шингээсэн” шугам, дэд станц барьж өвөлжилтийн бэлтгэлээ ханган, өдөр тутмын ажлаа гүйцэтгэж буйг Б.Аззаяа дарга хэлж байв. Түүнчлэн 2020- 2021 оны түгээх сүлжээний үндсэн шугам тоноглолын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг 97.7 хувьд хүргэсэн буюу өвлийг өнтэй давахад бэлэн байна гэлээ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
БАЙР СУУРЬ
Эрчим хүчний салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж буйг зарим компани, байгууллагаас тодруулав. Мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг найдвартай, тасралтгүй хангах, салбарын бүтээмжийг дээшлүүлэх, сэргээгдэх эх үүсвэрээс бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд баримталж буй бодлогын талаар нь сонирхлоо.
БЭЛТГЭЛЭЭ БАЗААСАН, БЭРХШЭЭЛ ТУЛГАРАХГҮЙ БОЛОВ УУ
Ж.ЯДАМСҮРЭН (Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Техникийн бодлого, зохицуулалтын албаны дарга)
-Манайх Ховд, Увс зэрэг таван аймгийн төв, 52 сум, 40 багийг импортын болон дотоодын үүсвэрээс нийлүүлж буй цахилгаанаар хангадаг. Системийнхээ хэмжээнд 110 кВ-ын 779.2 км урт шугам, есөн дэд станц, 35 кВ-ын 938.6 км шугам, 20 дэд станцаар дамжуулан эрчим хүч нийлүүлж байгаа. Суурилагдсан хүчин чадал маань 117.4 мВт-д хүрсэн. Энэ оны эхний есөн сард ОХУ-аас 90.4, Дөргөний усан цахилгаан станцаас 33, БНХАУ-аас 4.9 сая кВт/цаг эрчим хүч авч, хэрэглэгчдэд нийлүүлжээ. Үйлчлүүлэгчдийн тоо тогтмол өсөж буй учраас нийлүүлэлтийн хэмжээ ч нэмэгдсээр байна. Тухайлбал, 2017 онд бүсийн хэмжээнд 100.3 сая кВт/цаг эрчим хүч хэрэглэсэн бол 2019 онд 128.3-т хүрсэн. Манай компани ирэх өвлийн бэлтгэлээ хангах зорилгоор 36 нэр, төрлийн ажил төлөвлөснөөс 33-ыг нь хийсэн. Өдгөө нийт ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна. Засвар, үйлчилгээний зардалд 993.3 сая төгрөг төлөвлөснөөс 723.3-ыг нь зарцуулсан. Болзошгүй эрсдэл үүсэх, цахилгаан тасрах, ослын үед ажиллах багийн бүрэлдэхүүн, хэрэглэх багаж, техник, төхөөрөмжийг бэлтгээд байгаа. Голлон ашигладаг суудлын автомашинууд, кран, авто вышка зэргийг засаж, бэлэн болгосон. Эцэст нь хэлэхэд, системийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас дамжуулах шугам, дэд станцуудад ноцтой гэмтэл үүсэхгүй бол бид ирэх өвлийг цахилгааны тасалдал, сааталгүйгээр давчих болов уу.
ОЛОН ТӨРЛИЙН ЭХ ҮҮСВЭР БАРИХ ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ
Э.МЯГМАРДОРЖ (Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)
-Нарны эрчим хүчний үүсгүүрүүд -45-аас 85, салхиных -40-өөс 50 хэмд хэвийн ажиллах техникийн боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, хүйтний улиралд ч тоног төөхөөрөмжүүд хэвийн, зогсолтгүй ажилладаг гэсэн үг. Цахилгаан үйлдвэрлэгч, түгээгч аж ахуйн нэгжүүдийн адил сэргээгдэх эрчим хүчний салбарынхан найдвартай ажиллагаагаа ханган, үүрэг хүлээж ажилладаг. Энэ өвлийн бэлтгэлд шаардлагатай завсар, үйлчилгээгээ хийж буйгаа аж ахуйн нэгжүүд илэрхийлсэн. Системийн өвлийн оргил ачаалал арванхоёрдугаар сард тохиодог. 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд нийслэлийн нийт ачаалал хамгийн өндөр хэмжээнд буюу 1153 МВт-д хүрсэн юм. Эл хэрэглээнд Сайншандын салхин цахилгаан станц 46, “Цэций” станц 43 МВт бүтээгдэхүүн нийлүүлж, өвлийн ид ачааллыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулсан. Чухал үеийг давахад хамгийн их оролцоотой ажилласан дотоодын таван эх үүсвэрийн хоёр нь салхиных байв. Эл станцууд байхгүй бол импортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэх, зарим хэрэглээг хязгаарлах нөхцөл үүсэж болзошгүй учраас оргил үед тохиолддог гол хүндрэл гэж болно. Тогтвортой ажиллах, эрчим хүчний олон төрлийн эх үүсвэр бий болговол Монгол Улсад ашигтай. Бидэнд нэн тэргүүнд системийн балансыг барих өндөр чадлын эх үүсвэр хэрэгтэй. Үүний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц юм. Мөн дунд чадлын буюу 50 МВт-ын хэд хэдэн усан цахилгаан станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих нь зүйтэй. Хийн станц, их чадлын нөөцлүүрүүд ч шаардлагатай. Нар, салхин цахилгаан станцуудыг заавал 40, 50 МВт-ын хүчин чадалтай гэлтгүйгээр бага чадалтай, алслагдсан шугам сүлжээний алдагдлыг бууруулах, чанарыг сайжруулах зорилгоор ч барьж болно. Ер нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлнэ гэдэг нь цахилгаан үйлдвэрлээд, түүнийгээ борлуулах явдал биш. Том зургаараа тухайн улс орны хөгжил, зөв бодлогын илэрхийлэл болдог. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон технологи хөгжүүлэхэд улам бүр анхаарч буй энэ үед сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, дэмжих нь зайлшгүй, зөв алхам болно.
ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН БАЛАНС БОЛОВСРУУЛЪЯ
Р.ЭНХТҮВШИН (Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга)
-Монгол Улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэл, төвийн бүсийн хэрэглээний статистикаас харахад 2025 онд төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал өнөөдрийн суурилагдсан хүчин чадлаас 300 МВт-аар өсөх тооцоо бий. Тиймээс эл бүсэд эрчим хүч нийлүүлэх шинэ үүсвэрүүд зайлшгүй шаардлагатай. Засгийн газрын 2018 онд баталсан төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэх, шинэчлэх, шинэ эх үүсвэр барихаар тусгасан. Мөн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл хийх, тохируулгын горимоор ажиллах хийн, усан цахилгаан станцууд, хуримтлуур зэргийг барих тухай дурдсан. Эл зорилтуудыг биелүүлснээр эрчим хүчний салбарын хэвийн, найдвартай ажиллагааг баталгаажуулах, улмаар илүү хөгжүүлэх боломж бүрдэнэ. Гэтэл дорвитой дэвшил харагдахгүй байна. Үүнээс гадна түлш, эрчим хүчний нэгдсэн балансыг улсын хэмжээнд гаргах шаардлагатай. Тодруулбал, бүс, улс, орон нутаг дахь эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай анхдагч нөөцийн хэмжээг тогтоон, энергийн багтаамж, эрэлт, нийлүүлэлт, техник, технологийн боломж, эдийн засгийн үзүүлэлтийг тооцсон нарийвчилсан дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнд үндэслэн эрчим хүчний системийн хөгжил, бэрхшээл, хэтийн төлөвлөгөөг боловсруулдаг. Хамгийн сүүлд дээрх балансыг 2005 оны өгөгдөлд үндэслэн 2008 онд гаргасан. Зүй нь таван жилд нэг удаа хийх ёстой юм.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Сэргээгдэх эрчим хүчний киловаттын үнэ олборлодог түлшнийхээс хямд
Нүүрсэнд суурилсан цахилгаан станцууд 2019 онд үйлдвэрлэлээ 1985 оноос хойш хоёр дахь удаагаа бууруулсан байна. Эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг нүүрсний эрэлт одоо эгзэгтэй үедээ байна гэж Шведийн Чалмерсийн технологийн их сургуулийн профессор, “Vattenfall AB” компанийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн тэргүүн, Томас Кабергер дүгнэжээ.
Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг унасан (-0.6 хувь) нь эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хурд буурахад хүргэсэн аж. Ялангуяа нүүрсний хэрэглээ эрс өөрчлөгдөж, 3.6 хувиар багассан байна. Эдийн засгийн зогсонги байдлын дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт “Их-20”-ийн ихэнх оронд (0.7 хувь) удааширч, зарим хэсэгт буурчээ. Тус бүлгийн орнуудын хэрэглээний гуравны нэг хувь нь ногддог Хятадад өсөлт 4.5 хувьтай гарсан нь 2007 оны дундаж 7.5 хувиас үлэмж буурсан үзүүлэлт юм.
Олборлодог түлшний эрчим хүч үйлдвэрлэл 2019 оны дийлэнх хэсэгт 156 тераватт/цаг (нэг тераватт=109 кВт/ц)-аар багасжээ. Энэ нь Аргентинд 2018 онд үйлдвэрлэсэн эрчим хүчний нийт хэмжээтэй адил үзүүлэлт юм. Дулааны цахилгаан станцын үйлдвэрлэл буурсны сацуу сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл дэлхий даяар 297 ТВт/цагаар өссөн байна. Тодруулбал, 2019 онд салхины эрчим хүчний үйлдвэрлэл 11, нарных 22 хувиар нэмэгджээ. Хэдийгээр энэ нь 2018 оныхоос буурсан үзүүлэлт хэдий ч эрчим хүчний бусад ямар ч үүсгүүрээс илүүг харуулсан баримт аж.
Сүүлийн жилүүдэд нар болон салхины цахилгаан станцуудын үйлдвэрлэл хүртээмжтэй болсон ба киловаттынх нь үнэ олборлодог түлш ашигласан эрчим хүчнийхээс эрс бага тусаж буй гэнэ.
Дэлхийн томоохон эдийн засагтай орнууд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиг баримталж буй ч нүүрсний эрчим хүчний хэрэглээгээ бүх улс бууруулаагүй байна. Хятад улс өнгөрсөн онд үйлдвэрлэлээ 120 ТВт/цагаар ихэсгэжээ. Гэсэн ч сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нь ч 157 ТВт/цагаар их байна.
Цахилгаан эрчим хүчинд нүүрсний хэрэглээ өнгөрсөн онд хамгийн ихээр буурсан байна. Тухайлбал, АНУ-д 2019 онд нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчний хэмжээг 15.3 гигаваттаар бууруулжээ. Энэтхэг улс сүүлийн 10 жил анх удаа эрчим хүчний үйлдвэрлэлээ багасгасан байна.
“Ковид-19” эрчим хүчний зах зээлийн бүх таамгийг бараг л орвонгоор нь эргүүлж буй тухай мэргэжилтнүүд өгүүлсэн бөгөөд үүнд түүхий эдийн эрэлт буурсан төдийгүй маш олон хүчин зүйл нөлөөлжээ. Хямралаас гаргах гарцыг тухайлбал, ногоон эрчим хүчинд их хэмжээний хөрөнгө оруулах замаар хайх нь зүйтэй хэмээн үзэж байна.
Нөгөөтээгүүр, Парисын уур амьсгалын хэлэлцээрт заасан зорилгод хүрэхийн тулд манай гарагт сэргээгдэх эрчим хүчийг наад зах нь зургаа дахин хурдтай хөгжүүлэх хэрэгтэй гэнэ. Сэргээгдэх эрчим хүчинд шилжсэнээр тус салбарт ажлын байрны тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр олборлодгийнх буурах аж. 2050 он гэхэд олборлодог салбар 7.4 сая ажлын байраа алдаж, сэргээгдэхийнх 19 саяар нэмэгдэхийг судлаачид тэмдэглэсэн байна.
Бэлтгэсэн: З.Амгалан