Нэг танил минь дохионы хэлээр ямар нэгэн зүйлийг маш нухацтай (нүүрний хувирал, гарын хөдөлгөөнийг нь харахад) ярьж буй бичлэгээ үзүүллээ. Харамсалтай нь, би юу ч ойлгосонгүй. Үүн шиг сонсголын бэрхшээлтэй иргэд бидний ярьж буйг ойлгохгүй. Тиймээс тэд бусадтай чөлөөтэй харилцах, өөрийгөө ойлгуулахын тулд аман болон дохионы хэлийг хослон сурах шаардлагатай юм. Ийм чадварыг олгох ёстой цорын ганц байгууллага Монголд байдаг нь 29 дүгээр тусгай сургууль. Гэвч уг сургуулийн сургалтын арга зүй хоцрогдож, удирдлага нь байнга солигддогоос болж сурагчид хохирсоор өдий хүрэв. Сүүлийн гурван жилд гэхэд тус сургууль гурван захирлын нүүр үзжээ. Онцгой хэрэгцээ, шаардлагатай хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлэх, бусдаас илүү анхаарч ажиллах ёстой эл сургуульд харьяа яамныхан нь яагаад анхаарал хандуулахгүй байна вэ. Хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй, сонсохгүй, ярихгүй учраас уу.
“Сурагчид бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм” гэж ярьсан Б.Батсайхан захирлаас эхлээд одоогийн удирдлага Д.Оюунсувдтай холбоотой гомдол, шүүмжлэл сүүлийн үед тасрахгүй байна. Ганц энэ ч бус, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургууль ч үргэлж асуудал дагуулсаар байдаг. Тус сургуульд 2014 оноос хойш зургаан захирал залраад буцжээ. Ийм байхад сургалтын үйл ажиллагаа тогтвортой явуулж, залгамж халаагаа бэлтгэн, хүүхдүүдийг боловсролтой, чадвартай, бие даан амьдрах чадамжтай болгож чадах уу. Дээрх хоёр сургуульд захирлын суудлын төлөөх тэмцэл байнга өрнөдгөөс бус, сурагчдынхаа сурах орчныг сайжруулан, сургалтын арга барилаа шинэчлэхийн төлөө зүтгэж байна гэж лав сонсоогүй. Харьяа яамнаас нь томилсон, чадваргүй хүнээр сургуулиа удирдуулахгүй гэж 116 дугаар сургуулийн хоёр ч багш энэ сарын 21-нд өлсгөлөн зарласан. Ингээд ч тусыг эс олж, захирлын үүрэг гүйцэтгэж буй Д.Мөнхбаатар суудлаасаа хөндийрөөгүй. Энэ бүхнээс болж хараагүй, сонсголгүй хүүхдүүд, ар гэрийнхэн нь хохирсоор байна. Үүнийг шийдвэрлэж, эмх цэгцэд нь оруулах удирдлага БШУЯ-нд алга уу.
Сонсголгүй хүүхдүүд 29 дүгээр сургуульд эх хэлээрээ боловсрол эзэмших, сургалтын чанарыг эрс шинэчлэх, захирал, багш нарын ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоохын төлөө нэр бүхий иргэд болон хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд нэгдэн БШУЯ-нд шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэдний нэг, тус сургуулийг 1997 онд төгссөн Б.Намираатай цахимаар холбогдсон юм. Тэрбээр АНУ-д амьдардаг бөгөөд МУИС-ийг төвөд судлаач мэргэжлээр төгсөөд, МУБИС-д боловсрол судлаачаар магистр хамгаалсан байна.
Мөн АНУ-ын Галлаудет их сургуульд тусгай хэрэгцээт боловсрол эзэмшжээ. Тэрбээр 29 дүгээр сургуульд сурч байсан үеийнхээ талаар ийн ярив. “Би 12 настайдаа менингит өвчний улмаас сонсголгүй болсон. 14 настайдаа 29 дүгээр сургуульд суралцсан юм. Долдугаар ангид байхдаа бусад сургуулийн 4-5 дугаар ангид үздэг хичээлийг багш нар дохионы хэлээр бус, зөвхөн амаараа зааж байсанд урам их хугарсан. Ялангуяа багш нар хичээлээ нэр төдий зааж, цай, кофе ууж, анги хэсэж, сонин гарчиглаад суудаг байлаа. Хичээлийн цагаар, өсвөр насны сурагчдынхаа нүдэн дээр “Халуун хөнжил” сонин унших нь энгийн үзэгдэл байв. Гэрийн даалгавар бараг өгөхгүй, өгсөн ч шалгадаггүй. Энэ бүхнийг би эсэргүүцэн тухайн үеийн захирал Баднаад өргөдөл бичсэн.
Сургалтын чанар маш муу байгааг шүүмжилж, сурагчдад заах ёстойгоо заахгүй бол энэ байшинд дэмий суулгах хэрэггүй гэдгийг санууллаа. Ингэлээ гэж захирал намайг өрөөндөө дуудан, бүх багшаар загнуулж чичлүүлэв. Тэр жилдээ би тавдугаар ангийн сурагчийн түвшний мэдлэгтэй, наймдугаар ангиа төгссөн дөө. 1990-ээд оны завхарсан байдал өнөөдөр яг хэвээр байгаагаар барахгүй багш нар нь сургууль дээр архиддаг, сурагчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг, зодох, загнах, дарамтлах, доромжлох нь хэрээс хэтэрчээ. Хамгийн харамсалтай нь, аль 50 жилийн өмнөөс л хэрэглэж ирсэн аман хэлний арга зүйгээр хичээлээ заасаар байна. Сонсголгүй хүүхдэд дохионы хэл сургаж болохгүй. Дохио сурвал аман хэл ойлгохгүй, хэлгүй, тэнэг болно гэсэн хоцрогдсон үзлээсээ салж чадаагүй өдий хүрчээ. Энэ нь худал болохыг шинжлэх ухаанаар баталчихаад байхад одоо хүртэл ярьсаар, хэрэглэсээр байгаа нь эмгэнэл” гэв.
Тэрбээр АНУ-д сурахдаа тэндхийн сонсголгүй иргэдийн хөгжил, чадварыг гайхан алмайрсан гэнэ. Тэнд сонсголгүй хүн эмч, хуульч, инженер, судлаач, эрдэмтэн, нисгэгч, сансар судлаач гээд бүх л мэргэжлээр ажилладаг аж. Тэд нийгэмд бие даасан, чадварлаг иргэн болж чадаж байгаа нууц нь сайн боловсрол эзэмшсэнд л оршдог байна. АНУ-д сонсголгүй хүний эх хэл нь дохионы хэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг гэнэ. Бүх шатны боловсролыг төрөлх хэлээрээ эзэмших боломж олгодог. Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн” хэмээн тодорхой заасан. Гэвч аль ч шатны байгууллага, харьяа яам, 29 дүгээр сургууль нь хүртэл хуулиа биелүүлэлгүй өдий хүрлээ.
Хэрэв сургалтын чанар үнэхээр сайн, хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж ирсэн бол 56 жилийн дараа буюу өнөөдөр 29 дүгээр сургуулийн талаар арай өөр зүйл ярьж, бичих байв. Үе үеийн төгсөгчид нь ч хохирохгүй байлаа. 1996 оны төгсөгч Цэрмаагаас эхлээд 2017 онд Алтансүх, Буян-Орших нар, мөн сурагчдын эцэг, эхчүүд сургалтын чанарын асуудлаар эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл зарлах байв уу. Тэд дохионы хэлээр сургалтаа явуулах, дохиж чаддаг багш нарыг ажиллуулах, хос хэл соёлын арга зүйг бодитоор хэрэгжүүлэх зэрэг тодорхой хэдхэн шаардлага тавьсаар 56 жил өнгөрчээ. Үүнийг зохицуулах, сургалтын хоцрогдсон арга барилыг өөрчлөх, тэдний хүсэж буй дохионы хэлээр нь сургалт явуулж, бичгийн хэлээр давхар мэдлэг, чадвар олгож болохгүй шалтгаан юу вэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд аа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх нь ядуу амьдарч буй нэг шалтгаан нь чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаатай нь шууд холбоотой. Чанартай боловсрол олгоогүй сургуулийн удирдлага, багш нар, цаашлаад төр үүнд хариуцлага хүлээх ёстой. Тусгай сургууль бол хэдэн хүүхдийг “хашдаг” газар биш. Тэд бусдын адил хөгжиж, хөдөлмөрлөж байж хоолоо олж иднэ. Гэтэл өнөөдөр захирлын суудалд шунасан хэдэн хүн, онцгой нөхцөлд ажилладаг хэмээн цалин, урамшууллаа нэмүүлсэн багш нарын хийрхэл л байхаас бус, сурагчийн төлөө хийсэн дорвитой ажил алга. “Согогзүйч, туршлагатай, мэдлэгтэй” гэсэн тодотголтой хүмүүс тусгай сургуулийг удирдаж ирсэн. Тэдэнд өөрчлөлт хийх боломж байсан ч гараа хөдөлгөсөнгүй.
Сонсголгүй хүүхдүүд ирээдүйд ажилтай, орлоготой, халамж харахгүйгээр амьдарч чадахгүй байгаа нь үүнд хариулт болох биз. Тиймээс төрийн бус байгууллагын болон төгсөгчдийн төлөөлөл сонсголгүй хүнийг сургуулийн захирлаар томилохыг харьяа яамнаас шаардаж буй юм билээ. Олон улсын сонсголгүй иргэдийн хөгжлийн гол үндэс нь сургууль сонсголгүй удирдагчтай болсноор эхэлсэн байдаг аж. Сонсголгүй хүн бусадтай яаж харилцах юм, дүлий иргэд бичиг үсгийн боловсролгүй байж удирдах ажил яаж хийх вэ гэх хүн цөөнгүй байж мэднэ. Тэгвэл энэ нь тэднийг доромжилж, бусдаас дорд үзсэн хэрэг хэмээн төгсөгчдийн төлөөлөл хэлнэ лээ. Мөн тэд “Захирлын сонгон шалгаруулалтад сонсголгүй хүн өрсөлдөх боломжгүй. Энэ нь ялгаварлан гадуурхаж, нухчин дарах гэсэн нэг арга. Хамгийн наад захын жишээ нь захиралд нэр дэвшигч нь заавал согогзүйч байхыг шаарддаг. Гэтэл энэ нь олон улсын мэргэжлийн индексээс хасагдсан мэргэжил. Согогзүйчийг өдгөө зөвхөн ОХУ-д бэлтгэж байна. Сонсголгүй захирал гадуурх ажлаа хэлмэрчтэй явуулна, сургууль дотроо дохионы хэлээрээ харилцахад асуудалгүй” хэмээв.
Газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг мэдэхээр 29 болон 116 дугаар тусгай сургуульд уржигдар очлоо. 29 дүгээр тусгай сургуулийн жижүүр “Захирал гаднын хүн битгий оруул гэсэн. Утсаар нь холбогдоод зөвшөөрвөл орж болно” гэв. Зөвшөөрөл авснаар дотогш орлоо. Хичээл завсарласан бололтой хүүхдүүд сургуулийн хонгилд бужигнана. Захирал “Хичээл чинь хэдээс орох вэ” гэж бугуйн цаг руугаа дохив. Зарим нь ойлгохгүй байгаа бололтой мөрөө хавчих юм. Дотуур байрных нь багш түүнийг өрөөндөө архи зарж, архидан согтуурдаг талаар саяхан хэвлэлд мэдээлсэн. Энэ талаар түүнээс тодруулахад “Тийм зүйл байхгүй. Намайг өрөөндөө архидан согтуурдаг гэж ярьсан багшийн буруу хэмээн өргөдөл бичиж, цагдаад өгсөн” гэв. Харин эцэг, эхчүүд болон төгсөгч, төрийн бус байгууллагын төлөөлөл 29 дүгээр сургуулийг сонсголгүй хүн удирдах ёстой гэж үзэж байгаатай санал нийлж буй, эсэхийг асуухад “Сонсголгүй хүн сургууль удирдах боломжгүй. Манай сургуульд ганц дүлий бус, сул сонсголтой хүүхдүүд сурдаг. Аман яриа сургах зарчим баримталдаг. Манай багш нар дохионы хэл эзэмшдэг ч сонсголгүй хоёр хүн хоорондоо ярьж буй шиг хүүхдүүдтэйгээ сайн ойлголцож чаддаггүй нь үнэн. Аман болон дохионы хэл хосолсон сургалт явуулж байгаа” гэлээ.
Тус сургууль 72 багштай бөгөөд 13 нь сонсголын бэрхшээлтэй аж. Олон багш тэтгэвэрт гарсан учраас залуу боловсон хүчин дутагдалтай гэнэ. Манай улсад дохионы хэлний багш бэлтгэдэггүй. Багш нар өөрсдөө сурагчдаасаа дохио сурдаг юм. Дотуур байранд олон жил ажилласан багш нар ч өөрсдөө дохионы хэл мэддэггүй юм билээ. Ийм байхад багш нар хүүхдүүдтэй хэрхэн ойлголцох вэ. Хүүхдүүд бодол санаагаа цаасан дээр бүрэн гүйцэд илэрхийлэх хэмжээнд бичгийн боловсрол эзэмшээгүй байдаг аж. Зөв бичгийн дүрмийн талаар яриад ч хэрэггүйг төгсөгчдийн төлөөлөл хэлсэн. Тусгай сургуулийн боловсон хүчнийг өмнө нь Унгар, Болгар, ОХУ-д бэлтгэдэг байж. Гэтэл 2002 оноос сургахаа больжээ. Орчин үед тусгай сургуулийн сургалтын арга барил өөрчлөгдсөн учир хоцрогдсон арга зүйгээ тулгаж буй нь боловсролын гажуудал гэдгийг цөөнгүй хүн хэлэв.
116 дугаар тусгай сургуулийн үүдэнд хоёр багш сууж байв. Нэг нь тус сургуульд дуу хөгжмийн багшаар 24 жил ажилласан Б.Батболд, нөгөө нь бага ангийн багш С.Гэрэлмаа. Тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Мөнхбаатарыг зарим багш эсэргүүцэж буй. Учир шалтгааныг тэднээс тодрууллаа. Б.Батболд “Би есдүгээр сарын 21-нээс эхлэн өлсгөлөн зарласан. Сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд олон хүнийг хамруулахгүйгээр харааны бэрхшээлтэй хоёр багш өлсгөлөн зарласан юм. Хэд хоносон ч асуудлыг шийдэхгүй, бидний шаардлагыг БШУЯ хүлээж авахгүй дээрэлхэх үйлдэл гаргасан учир зургаан багш хүч нэмж, бидэнтэй нэгдсэн. Манай сургуулийн онцлогийг судалсан, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах чадвартай захиралтай болох хүсэлтээ яаманд хэд хэдэн удаа хүргүүлсэн ч бидний хүсэлтийг үл харгалзан Д.Мөнхбаатар гэдэг хүнийг шууд томилсон.
Үүнийг эсэргүүцэж байна. Бидний онцлогийг ойлгодог, мэргэжлийн хүнийг захирал болгох хэрэгтэй” гэв. Харин захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар “Албан тушаалын тодорхойлолтод согог зүй, тусгай хэрэгцээт боловсролын багш, багш гэсэн шаардлага тавьсан. Би энэ шаардлагыг хангаж байгаа. Сайдын тушаалын дагуу наймдугаар сарын 26-нд томилогдсон” гэв. Сургуулийн олонх багш, ажилтан эсэргүүцэж байхад ажлаа өгчихөж болдоггүй юм уу гэхэд “Би ёс зүйн алдаа гаргаагүй” гэв. Үүнийг сонссон Б.Батболд, С.Гэрэлмаа нар “Та хүний биед зөвшөөрөлгүй хүрдэг, тэг хараатай гэж доромжилдог. Энэ байж болох үйлдэл үү” хэмээн ширүүхэн асуув. Тэд нэлээд ширүүн маргалдаад амжсан. Б.Батболд “Би энэ хүний оронд байсан бол захирлын суудалд ингэж улайрахгүй. Хоёр хүн өлсгөлөн зарлаж, эрүүл мэндээрээ дэнчин тавьж байхад тоохгүй суугаад байгаа юм” хэмээлээ. Удирдлага, багш нарын энэ зөрчлөөс болж сургалтын үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй.
Өнгөрсөн баасан гарагт БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн тус сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тэд сургуулийнх нь тамгыг аваад явжээ. Тамга ашиглан, элдэв асуудал гаргах вий гэсэн дээ ядарсан арга хэрэглэсэн бололтой. БШУЯ-наас өчигдөр 116 дугаар сургуулийн багш нарын төлөөллийг дуудаж, Д.Мөнхбаатарыг үргэлжлүүлэн захирлаар ажиллуулах болсныг дуулгажээ. Энэ нь багш нар, захирлын хоорондын тэмцлийг бүр хурцдуулж орхив. Тэд тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Үүнээс болж тус сургуулийн 100 гаруй хүүхэд хохирох вий. Хагас зуунаас урт түүхтэй ч ахиц дэвшилгүй, хүний эрхийг байнга зөрчдөг тусгай хоёр сургуулийнхаа асуудлыг цэгцэлж, өөрчлөхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ирээдүй бүрхэг хэвээр үлдэх нь.