Хурд хэтрүүлсэн том оврын автомашин осолдож, жолооч нь амь насаа алдсан осол өчигдөр /2020.09.29/ болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Ар гүнтийн замд "Isuzu Juston" маркийн автомашин онхолдож, 44 настай эрэгтэй М гэмтсэн бол жолооч 50 настай Э нь амиа алдсан байна. Мөн өдөр Завхан аймгийн нутаг Ар намын ам гэх газарт шороон замд улсын дугааргүй "Мустанг 5" маркийн мотоцикл онхолдож, жолооч 22 настай Г нь амиа алджээ.
Зам тээврийн ослын улмаас өчигдөр зургаан хүн бэртэж хоёр хүний амь хохирсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тус албаны Жижүүрийн шуурхай утсанд иргэдээс нийт 313 дуудлага мэдээлэл ирүүлснээс 233 нь зам тээврийн ослын дуудлага эзэлжээ.
Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочид хариуцлага тооцсон бол явган хүний гарцаар зам тавьж өгөөгүй 92 жолоочид торгууль ногдуулжээ.